ДАШТ-ний 3 хүрэл медальт Б.Шоовдорт хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-18 12:52:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Аврагч” биеийн тамир техник спорт хороо 120 дугаар ангийн бие бүрэлдэхүүн баасан гарагт /2021.10.15/ чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 3 хүрэл медальт ОУХМ Б.Шоовдорт хүндэтгэл илэрхийлж баяр хүргэлээ.


Дэд хурандаа П.Бүрэнтөгс захирагчтай ОБЕГ-ын харьяа “Аврагч” БТТСХ-ны 120 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Шоовдор 2021 оны 10 дугаар сарын 2-8-нд болсон “Осло-2021” ДАШТ-ий 59 кг-ын жинд барилдан хүрэл медалийн эзэн болж Монгол Улсынхаа болон Онцгой байдлын байгууллагын нэр хүндийг өндөрт өргөсөн билээ.




Б.Шоовдор сүүлийн зургаан жил ДАШТ-д тасралтгүй оролцож, 4 дэх удаагаа медалийн төлөө барилдаж 3 дахь хүрэл медалиа хүртсэн дэлхийн шилдэг тамирчин юм.


Тэрбээр “Будапешт-2018, “Нур-Султан-2019” ДАШТ-ний хүрэл, Азийн АШТ-ний хошой мөнгө, нэг хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гран при” болон “Mongolia Open” олон улсын тэмцээний 3 удаагийн аварга, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээний аварга болж байв.

Холбоотой мэдээ