Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч асан К.Н.Илюмжинов Монголд ирэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-18 17:38:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад ДШХ-ны ерөнхийлөгч асан Кирсан Николаевич Илюмжинов айлчилсан байна.


МШХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Их мастер А.Энхтуулын урилгаар Улаанбаатар хотноо бямба гарагт /2021.10.16/ уулзалт зохион байгуулжээ. Уулзалтад, МШХ-ны Ерөнхийлөгч Э.Гурванбаатар тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон байна.


Энэ үеэр ДШХ-ны ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов манай улсад шатрын спортыг улам хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэхийн ялдамд шинээр сонгогдсон удирдлагад баяр хүргэж, амжилт хүсжээ.


Түүнчлэн, тэрээр 20 жилийн өмнө Өмнөд Африкийн анхны Ерөнхийлөгч Нелсон Мандела агсны хамтаар санаачилж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатрын спортоор хичээллүүлэх хөтөлбөрөө болон өөрийн санаачилсан хөдөө орон нутагт шатрыг түгээн дэлгэрүүлэх төслийг дурдаж эдгээр ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.


Энэ үеэр МШХ-ны удирдлагууд Монголын эрэгтэй, эмэгтэй шилдэг шатарчдыг дэлхийд өрсөлдөхөд стратегийн хувьд дэмжлэг үзүүлэх боломжийн тухай ярилцсан байна.



Холбоотой мэдээ