"Төв буганууд" эхний тоглолтыг хожлоор дуусгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх жил буюу 2022 оны Hisense үндэсний дээд лигт тоглох эрхийн төлөө дээд лигийн 9 дүгээр байрын "Хоромхон", нэгдүгээр лигийн 2 дугаар байрын "Төв буганууд" клубүүд өрсөлдөж “Хоромхон” 4:3-аар хожигджээ.
Ням гарагт болсон энэхүү эхний тоглолтод
"Төв буганууд" дээд лигт оролцох асар их хүсэл эрмэлзэлтэй байгаагаа
харуулан, эрч хүчтэй тоглож 4:3-аар хожсон байна.
Хамгаалалтаас сөрөг
довтолгоог чанартай гүйцэтгэж байсан "Төв буганууд" үндсэн цагийг
4:1-ээр дуусгасан ч шүүгчийн сунгасан 5 минутад 2 гоол алдаж, 3 гоолын зөрүүтэй
хожих боломжоо үгүй хийсэн юм.
Дээд лигийн арвин
түүхтэй "Хоромхон"-ы эсрэг нэг гоолын зөрүү гэдэг том давуу тал биш
хэдий ч "Төв буганууд" эхний тоглолтыг хожлоор өндөрлүүлж чадлаа.
Хариу тоглолт 10 дугаар сарын 19-ний мягмар гарагт 18:30 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болно.