“Эрдэнэт хөгжил-2021” эдийн засгийн форум “Түншлэл, эдийн засаг, бизнесийн хөгжил” хэлэлцүүлгээр үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-10-19 13:16:19
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Хоёр өдөр үргэлжлэх Эрдэнэт хөгжил -2021 эдийн засгийн форум өнөөдөр /2021.10.19/ Түншлэл, эдийн засаг, бизнесийн хөгжил сэдэвт хэлэлцүүлгээр эхэллээ. Тус хэлэлцүүлгээр:

  • Орхон аймгийн хөгжлийн хөтөлбөр, гадаад, дотоод хамтын ажиллагаа, түншлэл
  • Орхон аймгийн эдийн засгийн шинжилгээ
  • Орон нутаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагаа, эдийн засгийн үр нөлөө, дотоодын ханган нийлүүлэгчдийн боломж
  • Аялал жуулчлалын эдийн засагт үзүүлэх үр нөлөө, ач холбогдол
  • НҮБ-аас Орхон аймагт хэрэгжүүлж буй төслийн танилцуулга, олон улсын хэмжээнд гарааны компаниар дамжуулан эдийн засгийг хөгжүүлсэн туршлага
  • Герман улсаас Монгол Улсад хэрэгжүүлж буй GIZ төслийн хүрээнд Орхон аймагт хийсэн ажлууд  гэсэн үндсэн зургаан сэдвээр илтгэл танилцууллаа. 

Орхон аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга С.Даваадорж: Орхон аймаг Эрүүл, оюунлаг иргэнтэй, цэвэр, аюулгүй орчинтой, байгальд ээлтэй үйлдвэрлэл, хэрэглээг дэмжсэн, тогтвортой засаглалтай, ногоон хот болно гэсэн зорилгыг дэвшүүлсэн. Үүний тулд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж орон сууцжуулах зорилготой Орлогод нийцсэн орон сууц, инженерийн шугам сүлжээг гэр хорооллын багт хүргэх Миний гудамж - Бидний гэр, Миний орц - Бидний байшин төсөл, мэдээлэл технологийн хөгжингүй хот болгох Ухаалаг Эрдэнэт зэрэг нийт таван төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эдгээр хөгжлийн зорилтот төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд олон улсын донор байгууллагуудтай хамтран ажиллаж Эрдэнэт хотын үерийн суваг далан барих, инженерийн шугам сүлжээний шинэчлэл хийх, Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах зэрэг ажлуудыг эхлүүлээд явж байна гэлээ.


МУИС-ийн Эрдэнэт сургуулийн багш, Ph.d Т.Элдэв-Очир: Орхон аймаг 2020 оны байдлаар нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 17,8 сая төгрөг байгаа нь улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт. Манай аймагт сүүлийн хоёр жилд ажилгүйдлийн түвшин буурч байгаа хэдий ч эдийн засгийн бодит салбарт ажлын байр бий болох нь багасаж байгаа нь бидний санаа зовох асуудал болж байна.  Урьдчилсан байдлаар 2022 онд Орхон аймагт нийт 26 төсөл хөтөлбөрийг 27,7 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ гэсэн төсөв гарсан. Тухайлбал, нийгмийн үйлчилгээ болох эрүүл мэнд, халамжийн төв, цэцэрлэг, сургууль байгуулах, цахилгаан станц, дамжуулах шугам, дулааны шугамын өргөтгөл зэрэгт хөрөнгө оруулалт хийнэ.


Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ сүүлийн 5 жилийн хугацаанд Орхон аймгийн хөгжилд 8,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Орхон аймаг болон манай үйлдвэр хамтын ажиллагааныхаа хүрээнд Цагаан тоос дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Эрдэнэт хотын агаарын чанарын хяналт, судалгааг сайжруулах зорилгоор нарийн ширхэглэгт тоосонцрыг хэмжих багажаар хангах, Эрдэнэт ШУТП-тай хамтран өндөр технологи, инновацын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдээс бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг сайжруулах чиглэлд хамтран ажиллаж байна.

 

 

Холбоотой мэдээ