Цагааннуур боомтын орох урсгалыг нээсэн ч Казахстанд байгаа иргэд ирж чадахгүй байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-20 12:04:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой комисс хуралдаж, цар тахлаас өмнө Казахстан Улсад хувийн журмаар зорчин очиж хил хаагдсаны улмаас эх орондоо буцаж чадахгүй байгаа Монгол Улсын иргэд, тэдний тээврийн хэрэгслүүдийг энэ сарын 14-ний өдрөөс Цагааннуур боомтоор оруулах шийдвэрийг гаргасан.

Хил хамгаалах байгууллагаас өгсөн мэдээллээр Монгол Улсын иргэдээ хүлээн авах асуудлыг хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар ОХУ-ын талд мэдэгдсэн байна. Харин ОХУ-ын талаас татгалзах зүйлгүй, иргэдийг Ташанта боомтоор чөлөөтэй нэвтрүүлж хамтарч ажиллана гэж хариу ирүүлсэн аж.

Энэ хүрээнд манай улсын хилийн хяналтын байгууллагууд иргэдээ хүлээж авах бэлтгэлээ бүрэн хангаж боомтын орох урсгалыг нээгээд байгаа аж.

Гэвч өнөөдрийн байдлаар Цагааннуур боомтоор орж ирсэн Монгол Улсын иргэн, тээврийн хэрэгсэл байхгүй байна.

Энэ нь ОХУ, Казахстан Улсын хоорондох хилийн боомтуудад үл ойлголцол байгаатай холбоотой гэдгийг эх сурвалж хэллээ. Аймгийн удирдлага уг асуудлаар Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт хандаж, Монгол Улсын иргэдийг нэвтрүүлэх асуудлыг ОХУ, Казахстан Улсын эрх бүхий байгууллагуудад уламжлан өгөхийг хүссэн байна. Гадаад харилцааны яамны зүгээс уг асуудлыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн бөгөөд хараахан албан ёсны хариу ирүүлээгүй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ