Суманд ажилладаг онцгой байдлынханд таван жил тутамд 30 сарын цалин олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-20 14:30:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв. 


Хуулийн төсөлд, аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор зохицуулжээ. Хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна. 


УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүнээс 2021 оны тавдугаар сарын 14-нд УИХ-д өргөн мэдүүлсэн тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 15-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус байнгын хороо төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Хуулийн төсөл болон төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хуралдааны эхэнд танилцуулсан юм.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүүн Б.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ