ТТДС болон Улаанбаатарын мазайлайнууд клуб шинэ талбайтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-20 16:17:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатарын Мазаалайнууд багийн гаргасан саналын дагуу ФИФА төслийн хүрээнд Техник технологийн дээд сургууль /ТТДС/-ийн дэргэд хөлбөмбөгийн шинэ талбайтай боллоо.


Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/, Олон улсын хөлбөмбөгийн холбоо/ФИФА/-той хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл амжилттай хэрэгжиж 24 дүгээр сургуулийн талбайн нээлт өнгөрсөн долоо хоногт болж байсан.


Харин энэ удаа Улаанбаатарын Мазаалайнууд клуб бэлтгэл хийх олон улсын стандартад нийцсэн талбайтай болоод зогсохгүй, ТТДС, Техник технологийн политехник коллеж, Монгол Коосен технологийн коллежийн оюутан сурагчид зориулалтын талбайд их спортоор хичээллэх боломж бүрдэж байна.


Талбайн нээлтэд МХБХ-г төлөөлж ерөнхийлөгч А.Ганбаатар болон МБХны Зөвлөлийн гишүүд, мөн МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон ТТДС-ийн хувьцаа эзэмшигч М.Сэргэлэн, ТУЗ-ийн дарга Б.Нэмэхбаатар, захирал Эрдэмтөгс тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирж оролцсон юм.



МХБХ-ноос шинэ талбайд зориулан хөлбөмбөгийн бэлтгэлийн хэрэгсэл, бөмбөг зэргийг Улаанбаатарын Мазаалайнууд клуб болон ТТДС-д гардуулан өгсөн бөгөөд олон улсын стандарт бүхий тус бөмбөгөөр Монголын хөлбөмбөгийн 55-аас дээш насны Ахмадын шигшээ баг болон Улаанбаатарын Мазаалайнууд клубийн 14 хүртэлх насны өсвөрийн баг нөхөрсөг тоглолт хийж тус талбайн анхны шүгэл дуугарсан байна.


Ийнхүү Монголын хүүхэд залуучуудын биеийн тамирын сургалт, секц болоод чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нэгэн томоохон цогцолбор нийслэл хотноо нээлтээ хийлээ. Цаашид МХБХ энэ жишгээр 4 талбайг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ