Хүүхдүүдэд "Хөдөлмөр зуслан"-аар дамжуулан амьдрах ухааны боловсрол олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-20 17:44:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, ХХААГ, БСУГ-аас зорилтот жилийн хүрээнд зарласан “Хөдөлмөр зуслан” хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрийн уралдааныг дүгнээд байна.

Сурагчдад хөдөлмөрөөр дамжуулан амьдрах ухааны боловсрол олгох, хамтач, бүтээлч, шинийг санаачлагч, хөдөлмөрч иргэн болгон хөгжүүлэх, төлөвшүүлэх зорилготой тус уралдаанд Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын 31 сургууль оролцох боломжтой байсан ч коронавирусний халдвар, хөл хорионы улмаас гурван сумын дөрвөн сургууль оролцсон юм.

Дээрх сургуулийн багш нар малчдыг түшиглэн “Хөдөлмөр зуслан” ажиллуулж, гэр барих, дээс томох, сур элдэх, хурга ноослох, сүү цагаан идээ боловсруулах, хонь хариулах, бууц хөр ховхлох, малын гэдэс арилгах зэргээр малчин айлын өдөр тутмын амьдралын хэв маягтай танилцаж, амьдрах ухаанд суралцсан байна. Мөн байгаль экологийн боловсрол олгох чиглэлээр ой хээр, тал хээр, ууланд түгээмэл ургадаг ургамлуудыг нэрлэж сурчээ.

Түүнчлэн өрхийн хэмжээнд төмс, хүнсний ногоо, хүлэмжийн нарийн ногоо тарих, арчилгаа усалгаа хийх мэдлэг хуримтлуулж, байгаль, эх дэлхийгээ хайрлан, хамгаалах зан үйлээс суралцсан байна.

Ийнхүү хүүхдүүд “Хөдөлмөр зуслан”-ийн сургалтад хамрагдсанаар бие даах, багаар ажиллах, бие биедээ туслах, дэмжих, урамшуулах, амьдрах ухааны чадваруудад хамтдаа суралцаж чадсан хэмээн дүгнэж байгаа юм. Хүүхдүүдийг сургалт, хүмүүжлийн ажилд хамруулахдаа түргэвчилсэн шинжилгээ авч, халдвар хамгааллын дэглэмийг баримталж байсан хэмээн сургагч багш нар хэлэв.

Холбоотой мэдээ