ДЭМБ эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулахыг эн тэргүүнд тавихыг уриаллаа

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-10-22 09:55:41

ЖЕНЕВ. /BBC/. Цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн хэмжээнд эмнэлгийн 80-180 мянган ажилтан коронавирусний халдварын улмаас нас барсан байж болзошгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлэв.


Иймд эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулахыг эн тэргүүнд тавих шаардлагатай байгааг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус цохон тэмдэглээд, вакцины хуваарилалт тэгш бус байгааг шүүмжилсэн байна.


Дээр дурдсан тохиолдлуудыг 2020 оны нэгдүгээр сараас энэ оны тавдугаар сарын хоорондох хугацааг хамруулан тооцоолжээ. Дэлхийн хэмжээнд эмнэлгийн байгууллагад 135 сая ажилтан ажилладаг байна.


Т.Гебрейесусын хэлснээр, 119 улс орноос ирүүлсэн мэдээллээр эмнэлгийн таван ажилтан тутмын хоёр нь вакцинд бүрэн хамрагджээ. Гэвч бүс нутаг, эдийн засгийн хөгжлөөр нь авч үзвэл энэ нь эрс тэс ялгаатай байна.


Тухайлбал, Африкт эмнэлгийн 10 ажилтан тутмын нэг хүрэхгүй нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа бол өндөр орлоготой орнуудад энэ үзүүлэлт найм байна.


Ядуу буурай орнуудыг вакцины хангалттай нөөцөөр хангаж чадахгүй байгаагаас шалтгаалан цар тахлаас үүдэлтэй хямрал ирэх оныг дамнан үргэлжилж болзошгүй гэдгийг ДЭМБ-ын доктор Брюс Эйлуорд саяхан анхааруулсан юм.


Өнөөдрийн байдлаар Африкийн хүн амын тав хүрэхгүй хувь нь, харин бусад тивийн хүн амын 40 хувь нь вакцинд хамрагджээ.


Мөн дэлхий даяар тарьсан вакцины тунгуудын дийлэнхийг нь өндөр болон дундаас дээш орлоготой орнуудад хийгээд байгаа бол Африкт нийт тунгийн 2.6 хувь нь л ногдож байна. 

Холбоотой мэдээ