Лигийн аваргын цомыг "UBC FC" клуб хүртлээ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-10-22 16:30:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны эмэгтэйчүүдийн лиг 2 сарын турш үргэлжилж, шилдгүүдээ шалгаруулж, медальтнуудаа тодруулав.


Энэ лигт анх удаа 12 баг оролцсон бөгөөд аваргын цомыг "UBC FC" хэмээх шинэхэн байгуулагдсан клуб хүртлээ. Тус багийн нэр шинэ боловч багийн тамирчид өнгөрсөн жил лигт түрүүлсэн, эмэгтэйчүүдийн шигшээ багт дуудагддаг чадварлаг тоглогчид юм.


Харин аваргуудтай эцсийн мөч хүртэл хүч үзсэн "Арвис" клуб мөнгөн медаль хүртсэн бол "Монголын тэмүүлэл" клубийн охид хүрэл медалийн эзэд болсон юм.

 

Аваргын цомыг өргөсөн "UBC FC"-ээс хаалгач Э.Цэнджав, хагас хамгаалагч М.Хулангоо нар тус тусын байрлалдаа шилдэг нь боллоо. Шилдэг хаалгач болсон Э.Цэнджав 11 тоглолтод ердөө ганцхан гоол алдсан амжилттай лигийг өндөрлүүлсэн юм.


Энэ лигийн мөнгөн медаль хүртсэн "Арвис" клубийн ахлагч А.Алтантуяа шилдэг хамгаалагч, 25 гоол оруулсан Ө.Ундрах шилдэг довтлогчийн шагналын эзэн боллоо.


Мөн лигийн тоглолтуудыг үнэн зөв дэнсэлсэн шилдэг шүүгчээр Б.Логьшир тодорсон бөгөөд тэр энэ улиралд I лигийн шилдэг туслах шүүгч болоод байв.


Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн сүүлийн 2 жилийн хугацаанд эмэгтэйүүдийн лигийн тоглолтууд үзэгчгүй зохиож, MNB Sport сувгийн хамт олон орон даяар шууд дамжуулсан байна.


Монголын хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамт олны төлөөлөл сэтгүүлч, тайлбарлагч О.Сонинбаярыг МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар гарын бэлгээр урамшуулж, нийт хөлбөмбөгчдийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ