Өмнөд Суданы хоёр тамирчин "Рио-2016"-д оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-07-08 10:50:06

ЖУБА. /Xinhua/. “Рио-2016” Олимпын наадамд хамгийн сүүлд тусгаар тогтносон улс болох Өмнөд Суданы хоёр тамирчин оролцоно.

Эмэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтэд Маргрет Румат Хассан, эрэгтэйчүүдийн 1500 метрийн гүйлтийн төрөлд Сантино Кени нар оролцохоор болжээ.

Өдгөө 19 настай залуу тамирчин Хассан 2014 оны Залуучуудын зуны Олимпт оролцож байжээ.

Өмнөд Судан улс 2015 оны наймдугаар сард Олон улсын Олимпын хорооны 206 дахь гишүүн болсноос хойш тамирчид нь анх удаагаа Олимпын наадамд оролцох гэж байгаа нь энэ юм.

Олимпт оролцох хоёр тамирчин бусад 12 тамирчдын хамт ӨАБНАУ-д зургадугаар сарын 22-28-нд болсон Африкийн АШТ-нд оролцсон боловч “Рио-2016”-д оролцох эрхээ авч чадаагүй гэж Өмнөд Суданы Олимпын хорооны ерөнхийлөгч, дэслэгч генерал Уилсон Дэн Куоирот мэдэгдэв.

Мөн тэрбээр “Өмнөд Суданд спортын байгууламж хомс, дасгалжуулагчид дутмаг учраас манай 14 тамирчин амжилт тааруухан оролцлоо. Манайд тамирчдыг бэлтгэх байгууламж алга. Мэргэжлийн дасгалжуулагч, спортын төхөөрөмж байхгүй учраас манай тамирчид Дурбан хотноо болсон тэмцээнд амжилт муутай оролцлоо” гэж ярьсан байна.

Байдал ийм байгаа хэдий ч хоёр тамирчныг Рио-Де-Жанейро руу явуулахаас өмнө тэднийг спортын байгууламж сайтай орон руу явуулж бэлтгэл хийлгэх ажээ.

Өмнөд Суданд ганцхан спортын байгууламж байдаг нь Жуба хот дахь хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн юм. Гэвч энэ нь олон улсын стандартын шаардлагад тохирдоггүй ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ