COP26: Эргэлзээ ба итгэл найдвар

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-10-29 09:19:35

Парисын хэлэлцээр байгуулагдсанаас хойш 6 жилийн дараа Шотландын Глазго хотноо COP26 /26th Conference of the Parties/ буюу уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь Конвенцид нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 26 дахь чуулган эхлэх гэж байна.  1992 онд дэлхийн 180 гаруй улс уг Конвенцид гарын үсэг зурсан бөгөөд СОP бол Конвенцийн заалтуудын хэрэгжилтийг үнэлж дүгнэх, шинэ дүрэм журмуудыг боловсруулах, оролцогч талуудын хүлээсэн үүргийг хэлэлцэх зорилгоор жил бүр хуралддаг чуулган юм.


Энэ удаад өндөр дээд түвшинд болох Глазгогийн уулзалтын гол зорилго бол дэлхийн дулаарлын эсрэг тэмцлийн явцад үнэлэлт дүгнэлт өгөх, уг тэмцлийг эрчимжүүлэх явдал юм. Тодорхой хэлбэл, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх алхмуудыг тодорхойлсон заавар зөвлөмжийг эцсийн байдлаар боловсруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд засгийн газрууд, бизнесийн салбарынхан ба иргэний нийгмийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэнэ.


Парисын хэлэлцээр бол уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 2 хэмээс хэтрүүлэхгүй байх, улмаар 1,5 хэмд хязгаарлах зорилтыг дэвшүүлсэн түүхэн ач холбогдолтой олон улсын хэмжээний баримт бичиг билээ.  Үүний дагуу дэлхий дахин 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тодорхой хэмжээгээр бууруулж, 2050 он гэхэд ялгарлыг 0 болгох зорилтыг дэвшүүлсэн. Үүний тулд:

-нүүрсний хэрэглээг багасгах

-ой модыг огтолж байгааг багасгах

-цахилгаан автомашинд шилжих явцыг түргэсгэх

-сэргээгдэх эрчим хүчний салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих гэсэн 4 том алхмыг хэрэгжүүлэх ёстой.


Хийн ялгарлыг бууруулах талаар улс орон бүрийн тавьж буй зорилтууд нь одоохондоо “хэтэрхий даруухан” байгаа учраас тэдгээрийг илүү баяжуулан шинэчилж, илүү амбицтай зорилтуудыг дэвшүүлж байх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр Парисын уулзалтад оролцогчид 5 жил тутамд уулзаж байхаар тохиролцсоны дагуу COP26 уулзалт Глазгод болох гэж байна.


Сүүлийн жилүүдэд дэлхий даяар ой хээрийн түймэр, үер усны аюул нэмэгдэж, хэт халах, далайн түвшин нэмэгдэх, цөлжих, мөсөн уул ба мөнх цэвдэг хайлах, биологийн төрөл зүйлүүд цөөрөх гэх мэт үзэгдлүүдийн давтамж эрс нэмэгдсэн нь уур амьсгалын өөрчлөлтийн шууд үр дагавар мөн. Үүнийг хязгаарлахын тулд дэлхийн дулаарлыг 1,5 хэмээс хэтрүүлэхгүй барих ёстой бөгөөд үүнээс хагас градусаар дээшлэхэд л дэлхийн эдийн засаг, байгаль орчин, хүн амд учрах хохирлыг төсөөлөхийн аргагүй болно гэдгийг эрдэмтэд анхааруулсаар байна.  Тодруулж хэлбэл, ойрын 20 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшигт үзэгдлүүд нь эх дэлхийг маань хүн амьдрахад тохиромжгүй гараг болгон хувиргах аюултай.

Үүний сацуу “дэлхийн дулаарлын үндсэн шалтгааныг эрдэмтэд олоогүй, үйлдвэрлэлийн хаягдал ба уур амьсгалын өөрчлөлтийн хоорондох шалтгаан-үр дагаврын холбоо хамаарлыг эрдэмтэд одоог хүртэл тогтоож чадаагүй” гэсэн төөрөгдөл ихэд тархаад байлаа. Үнэхээр ч дэлхийн дулаарлын шалтгааны талаарх нэг мөр ойлголтыг өгөх гэж эрдэмтэд яарахгүй байсан нь ийм дүгнэлтэнд хүргэсэн. Харин энэ оны 8 дугаар сард нийтлэгдсэн IPCC /Intergovernmental Panel on Climate Change/байгууллагын олон улсын шинжээчдийн илтгэлд “хүний оролцоогүйгээр уур амьсгалд ийм эрс өөрчлөлт гарах ямар ч боломжгүй” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.  Байгалийн бүх хүчин зүйлс нийлээд дэлхийн дулааралд үзүүлэх нөлөө нь ердөө 0,02 хэм байгаа нь дээр дурдсан 1,5 градусаас хэдэн арав дахин бага болой.


Ташрамд дурдахад, дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч Их Британи улс 2030 он гэхэд нүүрстөрөгчийн хаягдлыг 50 гаруй хувиар бууруулж, 2050 онд бүрмөсөн тэглэнэ гэж амласан бөгөөд бусад улсуудтай харьцуулахад амлалтаа биелүүлэх тал дээр илүү амжилтанд хүрчээ. Тодруулбал, тус улс нүүрснээс аажмаар татгалзаж, шатдаг хий, сэргээгдэх эрчим хүчинд шилжиж эхэлснээр хүлэмжийн хийн ялгаралтыг бараг 2 дахин бууруулж чадсан байна.


Түүнээс гадна, уур амьсгалын өөрчлөлттэй хийж буй тэмцэлд дэлхийн улс орнуудын дотроос хамгийн түрүүнд бодитой алхам хийсэн улс бол Европын Холбоо /ЕХ/ юм. Бензин хөдөлгүүртэй автомашиныг хэзээ хориглох вэ, хэдий хүртэл нүүрс түлэх вэ, хэчнээн мод суулгах вэ гэх мэт асуудлыг багц хуулийн төсөлд тусгажээ. Хуулийг баталснаар 2030 он гэхэд 1990 онтой харьцуулахад хорт хийн ялгарлыг 55 хувиар бууруулж, 2050 он гэхэд нүүрстустөрөгчийн хаягдлыг агаар мандалд цацахыг бүрмөсөн зогсоох ёстой.


Дээрх зорилтод хүрэх үйл явцыг манлайлах үүрэг хүлээсэн хөгжингүй орнууд 2020 оноос эхлэн жил бүр хамгийн багадаа 100 тэрбум доллар гаргах ёстойгоос 2018 онд 79 тэрбумыг, 2019 онд 41 тэрбумыг зарцуулаад байгаа тухай НҮБ мэдээлсэн байна. Үүний сацуу Глазгогийн уулзалтын өмнөхөн хөгжиж буй 100 гаруй улсын зүгээс дорх 3 шаардлагыг тавьсан байна.

- Өндөр хөгжилтэй баян улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, түүнд дасан зохицох чиглэсэн бүхий л арга хэмжээг санхүүжүүлэх ёстой;

- Дэлхийн дулаарлын улмаас хөгжиж буй орнуудын эдийн засагт учирсан хохирлыг хөгжингүй улсууд нөхөн төлөх ёстой;

- Хөгжиж буй орнуудын эдийн засгийн салбаруудыг “ногоон” болгох зардлыг хөгжингүй орнууд санхүүжүүлэх ёстой; 


Хэн ирж, хэн ирэхгүй вэ?


The Guardian сонинд онцлон тэмдэглэснээр, ашигт малтмал олборлогч гол орнууд болох Хятад, Орос, Саудын Араб, Австрали, аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлж буй Энэтхэг, Бразил, Индонез, Малайз, ӨАБНУ,  Мексик зэрэг агаарын мандлыг бохирдуулж буй улс орнууд Глазгогийн саммитын үеэр ямар амлалт авах вэ гэдэг нь дэлхий дахины анхаарлыг татаж байна.  Гэтэл Хятадын удирдагч Ши Жинпинь Глазгод очихгүй гэж шийдвэрлэсэн ба түүний оронд уур амьсгалын асуудал эрхэлсэн тусгай элч Се Зэнхуа Шотландад ирэх бололтой. Мөн Оросын Ерөнхийлөгч В.Путин саммитад цахимаар оролцоно гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару Глазгод ирэхгүй гэдэг нь тодорхой болсон бол Өмнөд Африкт сонгууль болох гэж байгаа тул ерөнхийлөгч Сирил Рамафоса саммитад оролцохгүй нь. 


Агаар мандлыг хамгийн ихээр бохирдуулагч улсуудын удирдагчид СOP26-д биечлэн оролцохгүй гэдгээ мэдэгдсэн нь саммитын нэр хүнд, ач холбогдлыг ихээхэн бууруулж, хорт хийн ялгарлыг бууруулах дорвитой амлалт өгөхөөр зэхэж байсан бусад улсын удирдагчдын урам зоригийг мохоож, уур амьсгалын өөрчлөлттэй хийх тэмцэлд ахиц дэвшил гаргахад сөргөөр нөлөөлж магадгүй. Ингэснээр Глазгогийн уулзалт нь дэлхий дахины бага хурал биш зөвхөн хөгжингүй орнуудын удирдагчдын цугларалт шиг харагдах болно гэж зарим шинжээчид үзэж байна. Тухайлбал, Оросын Ерөнхийлөгч В.Путин Глазгод ирэхээс татгалзсан нь Борис Жонсонд өгсөн цохилт боллоо гэж Дэйли Мэйл сонинд бичжээ. Экологийн хөдөлгөөний идэвхтэн Грета Тунберг СОP26 уулзалт амжилттай болно гэдэгт эргэлзэж байгаа төдийгүй зохион байгуулагч Их Британи улсад шинээр нүүрсний уурхай нээх асуудлыг хэлэлцэж буйг шүүмжилжээ.

Мөн Их Британийн хатан хааны гэр бүлийнхэн Глазгогийн уулзалт амжилттай болно гэдэгт итгэл муутай байна. Өдгөө 95 настай хатан хаан микрофоноо унтраахаа мартаад “хэн ирэх нь одоог хүртэл тодорхойгүй байна, харин хэн ирэхгүй вэ гэсэн яриа л сонсогдох боллоо” гэж ярьсныг хэвлэлийнхэн өлгөж аваад дуулиан шуугиан болгожээ. Хунтайж Чарльз хэлэхдээ “дэлхийн удирдагчид дэмий хоосон ярих гэж онгоц хөлөглөн ирж байна, тэд өгсөн амлалтаа биелүүлэх гэж яарахгүй байна” гэсэн бол түүний хүү Уильям сансрын аялал жуулчлалд мөнгөө үрж буй тэрбумтнуудыг шүүмжиллээ.


Нөгөөтэйгүүр, Глазгогийн саммиттай зэрэгцээд эрчим хүчний хямрал дэгдсэн нь нүүрстөрөгчөөс татгалзаж, “ногоон хувьсгал” хийх гэсэн итгэл зүтгэлийг мохоолоо. Шатдаг хийн үнэ бараг 5 дахин өсөж, 1000 шоо метр нь 2000 долларт дөхөөд буусан, нефтийн үнэ 100 долларт хүрч магадгүй гэсэн таамаглаж байгаа, цахилгаан станцууд нүүрсний хомсдолд орсноор хямрал мөддөө дуусах төлөв харагдахгүй байгаагийн зэрэгцээ 2021-2022 онд их хатуу өвөл болно гэсэн яриа тархжээ.


Гэвч ямар ч үед үргэлж өөдрөг байдаг ерөнхий сайд Борис Жонсон чуулга уулзалт амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Түүний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, дэлхийн 120 орчим улсын төр засгийн тэргүүн нар, нийт 200 орчим улсын төлөөлөл Глазгод хүрэлцэн ирэх гэж байна. Тэдний дотор хүлэмжийн хий ялгаруулалтаар дэлхийд 3-т ордог Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди байна.


Мөн Барак Обамагаар “хүч нэмэгдүүлсэн” АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Шотландад ирэх нь тодорхой боллоо. Тэрбээр Парисын гэрээнээс АНУ-ыг гаргах гэсэн Д.Трампын шийдвэрийг цуцалсан төдийгүй 2030 он гэхэд 2005 онтой харьцуулахад хүлэмжийн хийн хаягдлыг 50-52 хувиар бууруулна гэсэн том амлалтыг өгсөн юм. Мөн цар тахлын дараа Америкийн эдийн засгийг сэргээх түүний төлөвлөгөөнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлыг тусгасан нь СОP26-д оролцогчдын сонирхлыг татах нь лавтай.


Глазгогийн чуулга уулзалтад идэвхтэй оролцохыг Ерөнхий сайд Борис Жонсон дэлхийн бүх улс орны удирдагчдад хандан уриалаад “энэ удаагийн уулзалт бол уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдэхэд нэн чухал цаг мөч” гэдгийг онцлон тэмдэглэлээ.


Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ