Д.Тогтохсүрэн: Шинэ яамд бодлого боловсруулж, салбар дундын зохицуулалт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-04 12:05:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.


Төсөлд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах, тэдгээрийн сайд нарыг Засгийн газрын бүрэлдэхүүнд нэмэх зэрэг асуудлыг тусгасан юм. 


Хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулга хийсэн. Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийн анхны хэлэлцүүгийг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хийсэн. Ингэхдээ, Засгийн газар болон С.Бямбацогт нарын гишүүн тус тус өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн төсвийн хуулийг нэгтгэн хэлэлцэх саналыг Ажлын багаас гаргасныг дэмжсэн юм. Тус ажлын баг хууль, тогтоолын төслийг нэгтгэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлснийг суурь болгосон байна. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.  ТухайлбахС.Чинзориг, хууль, тогтоолын төслийг бүхэлд нь дэмжиж буйгаа илэрхийлээд, Эдийн засгийн хөгжлийн сайдыг Шадар сайдын түвшинд оруулж ирэх санал хэлсэн юм. Тус салбарын сайд нь дан албан тушаалтай байснаар ажил явуулахад хүндрэл гарах эрсдэлтэйг учирлав. Түүнчлэн нэг агентлаг давхар байгуулах шаардлага байгааг тодотгоод, энэ талаар санал туссаныг тодрууллаа. 


УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Эдийн засаг, хөгжлийн яамны сайдын зэрэглэлийг тодорхойлохдоо Үндсэн хуулиар олгогдсон эрхийнх нь хүрээнд Ерөнхий сайдын саналыг харгалзах шаардлагатайг хэлээд, цаашид Засгийн газрын тухай хуулийг шинэчлэн найруулахдаа, гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны агентлагтай байх асуудлыг оруулж ирэх нь зүйг тэмдэглэв. 


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Салбарын яаманд мэргэжлийн хүнээр удирдуулах нь зүйтэй гэдэг санал хэлээд, тус яаманд 200-аас дээш хүнтэй ажиллах шаардлагатайг дурдав. Ингэхдээ, яамны дэргэд Эдийн засгийн хөгжлийн төв байгуулах зэрэг цогц асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. 


УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Тус яамд нь үндсээрээ бодлогын яам байх бөгөөд салбар дундын зохицуулалт хийнэ гэдгийг учирлаад, сайд нарыг мэргэжлийн байх үүднээс Үндсэн хуулийг шинэчлэл хийгдсэн гэдгийг тодотголоо. Мөн тус яам дэргэдээ хүрээлэнтэй байхаар төсөлд туссан гэдгийг хэлээд, тэнд эрдэмтдийг байлцуулах асуудлыг нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв. 


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Хоёр яам байгуулах асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлээд, яамдын бүтэц, санхүүг цогцоор нь шийдэж, эрх үүргийг давхардуулж болохгүйг хэллээ. 


УИХ-ын гишүүн Д.Тогтсохсүрэн, Тус яаманд 87 хүн ажиллахаар төлөвлөсөн бөгөөд зөвхөн бодлого хэрэгжүүлэхээр Засгийн газрын тухай хуульд тусгасныг тайлбарлав. Тус яамны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх саналыг дэмжиж байгаа хэдий ч төсөв бага тусгагдсан гэдгийг учирлав. Тус яаманд төсөвт 5 тэрбум төгрөг тусгаад байгаа аж. 


Ингээд Байнгын хорооны дэмжсэн, ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэв. Ажлын баг Засгийн газар болоод гишүүдээс тавьсан асуудлуудыг уялдуулж, бодлого, төлөвлөлт, эрхлэх асуудал нь Эдийн засгийн, хөгжлийн сайдын эрхлэх асуудалд хамаарч үлдэхээр зарчмын зөрүүтэй долоон саналыг боловсруулсан байна. Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд төсөлд туссанаас гадна УИХ-ын хэлэлцүүлэгт байгаа Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарим асуудлыг тусгахаар зарчмын зөрүүтэй хоёр саналыг боловсруулжээ.


Мөн өргөн мэдүүлсэн төслөөр Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлаас жендэрийн хөгжлийн асуудлыг хасаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудалд нэмэхээр оруулж ирсэнийг Ерөнхий сайдын эрхлэх асуудалд хэвээр үлдээх, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Сангийн сайдын эрхлэх асуудлын агентлаг болгохоор төсөлд оруулж ирсэнийг Шадар сайдын эрхлэх асуудалд хэвээр үлдээхээр зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулсан байна.


Ингээд Байнгын хорооны дэмжсэн, ажлын багийн гаргасан зарчмын зөрүүтэй  саналуудаар санал хурааснаар хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ