Ойн тогтвортой менежментээр санал, зөвлөмж гарган хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-11-08 18:11:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны агаарын жилийн дундаж хэм 2.4 градусаар дулаарчээ. Өвлийн улирлын хур тунадас 20 орчим хувиар нэмэгдэж, зуны улирлынх 7 хувиар буурсны зэрэгцээ хур борооны шинж байдал өөрчлөгдөж хөрсөнд чийг өгөхөөсөө илүүтэйгээр эвдрэл үүсгэж байна. Энэ талаар өнөөдөр эхэлсэн Ойн салбарын Үндэсний чуулганы салбар хуралдаанаар хөндөж байна.

Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор БОАЖЯ зохион байгуулж байна. Салбар хуралдааныг дараах 4 сэдвийн хүрээнд 4 өдрийн турш 800 орчим хүний бүрэлдэхүүнтэй цахим, танхим хосолсон хэлбэрээр явуулна.

  • 11-р сарын 8-нд I салбар хуралдаан “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвээр,
  • 11-р сарын 9-нд II салбар хуралдаан “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт”-ээр,
  • 11-р сарын 10-нд III салбар хуралдаан “Цөлжилт, газрын доройтол”-ыг хөндөж,
  • 11-р сарын 11-нд IV салбар хуралдаан “Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд тус, тус болж сүүлийн өдөр Төрийн ордонд үндсэн чуулган болох юм.





Чуулганд 21 аймаг, нийслэлийн ойн салбарын эрдэмтэн судлаачид, төр, хувийн хэвшлийн төлөөлөл, ойн анги, нөхөрлөл, холбогдох салбарын мэргэжилтнүүд цахимаар болон биечлэн оролцож “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний амжилттай зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах талаар тооцоо судалгаанд үндэслэн, мэргэжлийн түвшинд хэлэлцэж байна.




Монгол орны цөлжилт, газрын доройтлыг бууруулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлсэн. Энэ нь манай орны төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд онцгой ач холбогдолтой тул бусад орнууд анхаарал тавин ажиглаж байна.




Сүүлийн жилүүдэд цаг агаарын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдсэн. 2020 онд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөнөөс 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.




“Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг амжилттай хэрэгжүүлэх, цөлжилт газрын доройтлыг бууруулах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, салбар дундын уялдаа, нэгдсэн удирдлага зохицуулалтаар ханган ажиллахаар ойн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий байгууллагууд, гишүүнчлэлтэй мэргэжлийн холбоод, ТББ-уудын төлөөллийг чиглэлийн дагуу салбар хуралдаанд оролцуулж, салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг тусгана.

Монгол улсын ой модны салбарт эрх зүйн шинэчлэл хийх, ойн тогтвортой менежмент, гадаад хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах, тодорхой шийдвэрт хүрч бодлогот тусгах, санал, зөвлөмж гарган цаашид хэрэгжүүлэхэд уг чуулганы зорилго оршиж буйг БОАЖ-ын сайд Н.Уртнасан онцолж байна





Гэрэл зургуудыг Т.Чимгээ

Холбоотой мэдээ