Польшийн хил дээр цагаачдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-11-17 11:30:59

ВАРШАВ. /BBC/. Польшийн цэргүүд Беларусьтай залгаа хилээр хууль бусаар нэвтрэхийг оролдсон цагаачдын эсрэг нулимс асгаруулагч хий, усан буу ашиглажээ. Нөхцөл байдлыг харуулсан дүрс бичлэгээс үзэхэд, цагаачид хилийн боомтыг хамгаалж буй цэргүүд рүү чулуу гэх мэт эд зүйлсийг шидэж байжээ.


Сүүлийн долоо хоногуудад Ойрхи Дорнодоос голчлон ирсэн олон мянган дүрвэгч Европын Холбоо /ЕХ/ руу нэвтрэхээр Беларусийн хил дээр цуглараад буй юм. ЕХ үүсээд буй цагаачлалын хямралд Беларусийг буруутгаж байгаа ч тус улсын хувьд ийм мэдэгдлийг няцааж байна.


Беларусьт өнгөрсөн онд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Александр Лукашенко улиран сонгогдож, эсэргүүцлийн жагсаалыг хүчээр тараахыг оролдож, улс төрийн өрсөлдөгчдөө баривчилснаас хойш ЕХ-Беларусийн харилцаа муудаад байгаа юм. ЕХ сонгуулийн дараа Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авч, хил дээр үүсээд буй хямралтай холбогдуулан нэмж тогтоохоор шийдвэрлэсэн билээ.


Польшийн Хилийн хяналтын газрын мэдээлснээр, өнгөрсөн онд цагаачид хилээр хууль бусаар нэвтрэх 88 оролдлого гарч байсан бол энэ сар гарсаар 5000 гаруй оролдлого гарчээ. “Цагаачид цэргүүд, алба хаагчид руу халдаж, хашааг эвдэн хилээр нэвтрэхийг оролдсон тул нулимс асгаруулагч хий ашигласан” гэж Польшийн Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ