Японд шатахууны үнийг барихын тулд татаас олгож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-11-17 13:31:30

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар шатахууны үнийг хэт өсөхөөс сэргийлэхийн тулд татаас олгох талаар хэлэлцэж байна. Дэлхий дахинд эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж байгаатай зэрэгцэн нефтийн үнэ өсөж, улмаар шатахууны үнэ нэмэгдэх болоод буй юм.


Японд 11 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нэг литр шатахууны жижиглэнгийн дундаж үнэ 169 иен буюу 1.50 орчим ам.долларт хүрээд байна. Энэ нь цаашид 170 иений босгыг давбал сүүлийн 13 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болох юм.


Үүнтэй холбогдуулан Аж үйлдвэрийн яам шатахууны жижиглэнгийн үнийг хязгаарлахын тулд яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна. Тодруулбал, шатахууны үнэ 170 иен давбал дистрибьютерүүдэд литр тутамд 5 хүртэлх иений татаас олгохоор төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээг 12 дугаар сарын сүүлээс гуравдугаар сар хэрэгжүүлэх төлөвтэй байна.


Үүний зорилго нь нефтийн компаниудыг түүхий нефтийн зардлын өсөлтийг бөөний үнэ рүү шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх явдал ажээ. Яамны төлөөлөгчдийн хэлснээр, бөөний худалдаа эрхлэгчдийг дэмжих бус шатахууны жижиглэнгийн үнийг хяналтанд байлгахын тулд татаас олгоно. Мөн керосин, дизель түлшний хувьд ч ижил арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар хэлэлцэнэ гэв. 

Холбоотой мэдээ