“Вакцинд бүрэн хамрагдсан” гэж үзэх нөхцөл өөрчлөгдөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-11-18 12:16:10

ВАШИНГТОН. /CNN/. "COVID-19"-ийн вакцинуудын үүсгэсэн дархлаа цаг хугацааны явцад суларч, “Дельта” хувилбарын тархалтын улмаас өвчлөл нэмэгдэж байгаа нь чинээлэг орнуудыг “вакцинд бүрэн хамрагдсан” гэж үзэх нөхцөлөө өөрчлөхөд хүргэж байна. Одоогоор вакцины хоёр тунг тариулсан тохиолдолд бүрэн тунд хамрагдсан хэмээн тодорхойлж байгаа билээ.


Даваа гарагт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтуудыг дахин тогтоохоос сэргийлэхэд нэмэлт тун амин чухал ач холбогдолтой болохыг мэдэгдсэн юм. Тэрбээр, “Цаашид вакцины гурав дахь тун буюу нэмэлт тунг тариулах нь чухал хүчин зүйл болж, бид бүхний амьдралыг бүх талаар хөнгөвчилнө” гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.


Европын бусад орнууд ч мөн иргэдийг нэмэлт тунд заавал хамруулах шийдвэрийг гаргаж эхлээд байна. Тухайлбал, Францад 12 дугаар сарын 15-наас эхлэн 65-аас дээш насны иргэд вакцины гэрчилгээгээ хүчин төгөлдөр байлгахын тулд гурав дахь тундаа хамрагдах шаардлагатай болно гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.


Мөн Австрид вакцинд бүрэн хамрагдсан статусын хугацаа хоёр тунг хийлгэснээс есөн сарын дараа дуусаж байна. Израилын хувьд хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн бол бялдаржуулах төв, зоогийн газар зэрэг бусад үйлчилгээний газраар үйлчлүүлэхэд шаардаж буй ногоон паспортоо ашиглахын тулд иргэд гурав дахь тунгаа хийлгэх шаардлагатай байна.


Харин эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн хувьд нэмэлт тунгийн дархлаажуулалт нь хүн амынх нь ердөө 4.6 хувь нь вакцинд хамрагдаад буй бага орлоготой орнуудын вакцины нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлнө гэдэгт санаа зовниж байна. Өнгөрсөн баасан гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэлэхдээ, дэлхий даяар эмнэлгийн ажилтнууд, өндөр настнууд, эмзэг бүлгийн хүмүүс эхний тунгаа ч хийлгээгүй байхад эрүүл чийрэг насанд хүрэгчдэд нэмэлт тунг тарьж, хүүхдүүдийг вакцинжуулах нь учир дутагдалтай болохыг анхааруулжээ.


“Чинээлэг орнууд эмийн компаниудад өндөр үнэ төлснөөр дарааллын эхэнд бичигдсэн тул тэдгээр орнуудад хамгийн эхэнд вакцин нийлүүлэгдэж байна. Өргөн цар хүрээгээр авч үзвэл, дэлхийн хэмжээнд нийлүүлсэн нийт вакцины тунгийн дөнгөж нэг хүрэхгүй хувь нь ядуу буурай орнуудад ногдож байна” гэж “Oxfam” байгууллагын эрүүл мэндийн бодлогын зөвлөх Анна Марриотт ярьжээ. 

Холбоотой мэдээ