Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэж хянана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн зорилт нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, холбогдох этгээдийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Харин Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгө, бусад улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэрийг ашиглах, гүйлгээнд оруулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй юм. Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээнээс учирч болох эрсдэл, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон түүний харилцагчийн хооронд хийгдсэн гэрээ, хэлцлээс үүсэх маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахгүй болно. Өөрөөр хэлбэл энэ төрлийн харилцаа нь Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа юм.
Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа. Тус Байнгын хороод энэ сарын 16-ний хамтарсан хуралдаанаараа төслийг хэлэлцэж, хуулийн төсөлтэй холбогдуулж ажлын багаас боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэсэн байна. Тухайлбал, “Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн бүртгэл, үйл ажиллагаатай холбоотой журмыг батлах, “Вирутал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь нягтлан бодох бүртгэл хөтлөхдөө санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх ба жил бүр санхүүгийн тайландаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн хуулийн этгээдээр аудит хийлгэж ирүүлэх, “Санхүүгийн зохицуулах хороо, түүний хянан шалгагчийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шаардсан баримт мэдээ мэдээллийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч саадгүй, бүрэн гүйцэт, үнэн зөв гарган өгч хянан шалгах ажлыг бие даасан, хараат бусаар шуурхай явуулах нөхцөлөөр хангах, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн вирутал хөрөнгө нь төрөөс өгч байгаа баталгаа гэж үзэхгүй бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй” гэсэн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдтийн олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, С.Одонтуяа, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүн асуулт асууж хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, тус хуулийн төсөл нь иргэний хуультай хэрхэн уялдаж байгааг тодруулав. Жишээлбэл, олон дагагчтай цахим хаяг виртуал хөрөнгөд хамаарч болохыг дурдаад, “Вирутал хөрөнгөд зөвхөн криптовалютыг хамаарч үзэх үү, ямар хүрээ, хязгаар тавьж байгаа вэ” хэмээн асуулаа.
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал гишүүний асуултад хариулахдаа, “Хоёр иргэн хоорондоо тохиролцож худалдаа хийж байгаа технологийг бид хуульчилж болохгүй. Гэхдээ зохицуулалт хийж иргэдийн мөнгийг койн санал болгон төвлөрүүлж түүгээрээ мөнгө угааж байна уу, эх үүсвэр нь албан ёсных уу гэдгийг шалгаж тогтоох нь чухал. Тиймээс ФАТФ-аас өгсөн зөвлөмжийг биелүүлж олон улсын санхүүгийн харилцаанд оролцох нь зүй. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч 8 биржид тавих шаардлагыг тодорхой болгож, СЗХ түүнийг нь хянадаг, мөнгөний эх үүсвэрээ үнэн бодитоор мэдээлдэг болгох ёстой” хэмээв.
Мөн тэрээр виртуал хөрөнгө гэдэг нь Үндэсний бүртгэлийн системийн тухай хуульд зааснаар үнэт цаас, цахим мөнгө биш, төлбөр тооцоонд хамруулж авч үзэхгүй бөгөөд хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглах үнэ цэнийн дижитал илэрхийлэл гэдгийг тайлбарлав. Мөн энэ хуульд зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг хамруулж байгаа болохоос үйлчилгээ авч байгаа иргэдийн харилцаа, маргааныг зохицуулах боломжгүйг хэллээ.
УИХ-ын гишүүн Э.Батшугар, Блокчейн технологид суурилсан криптовалют олборлох үйлчилгээг хуулийн зохицуулалтад тусгах нь зүйтэй зэрэг санал хэлж байлаа.
Ийнхүү хэлэлцээд Байнгын хороо дэмжсэн саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэю. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Ташрамд дурдахад, Монгол Улсад криптовалютын арилжаа хийдэг хэд хэдэн цахим хуудас, нэг АТМ байгаа бөгөөд үүнтэй холбоотой үйлчилгээ нь Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх, төлбөр тооцооны үйлчилгээнд хамаарахгүй бөгөөд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг аль нэг байгууллагын хяналт, зохицуулалт дор байдаггүй. Энэ нь зөвхөн санхүүгийн хэрэглэгч өөрийн сонголтын хүрээнд биткойн арилжаа болон цахим хуудсаар дамжуулан криптовалютыг биржийн зарчмаар арилжаалж байна.
Өөрөөр хэлбэл дуудлага худалдаа арилжааны зарчим, зах зээлийн зарчим буюу эрэлт нийлүүлэлт, арилжаанд оролцогчийн хариу үйлдэл дээр тулгуурлан явагдаж байгаа юм. Монгол Улсад дээрх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа явагдаж, иргэд, хуулийн этгээд оролцож байгаа нь энэ төрлийн эрх зүйн орчныг нэн яаралтай бүрдүүлэх шаардлагыг бий болгож байна.