Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг сайжруулах төслийн уулзалт Ховд аймагт эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-19 16:44:45

Ховд /МОНЦАМЭ/. "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" төслийн уулзалт Ховд аймагт болж байна.  

Тодруулбал, “Уур амьсгалын ногоон сан”-гийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон орон нутаг дахь байгаль орчин, хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг салбарын мэргэжлийн байгууллагууд хамтран "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" сэдэвт төсөл хэрэгжүүлэх эхлэл тавигдсан. Энэхүү төсөл нь 2021-2028 онд Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгийн 68 суманд хэрэгжинэ. 

Үүнтэй холбогдуулан орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлд тус төслийн гол зорилго, зорилтыг танилцуулах, төслийн хүрээнд ирэх 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, зарим ажлын нарийвчилсан төлөвлөлтийг хамтын оролцоотой тодорхойлоход чиглэсэн уулзалтыг энэ сарын 19, 20-ны өдөр Ховд аймагт зохион байгуулж, харилцан санал солилцож байна. 

Энэ удаагийн уулзалтын хүрээнд төслийн үйл ажиллагааны хүрэх үр дүн, бүтэц, зохион байгуулалт, оролцогч талуудын үүрэг, хариуцлага, хэрэгжилтийн талаар ярилцах замаар талууд нэгдсэн ойлголт авч, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.   

Төслийн гол зорилго нь байгалийн нөөцөөс хамааралтай хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэх юм. Энэ утгаараа уур амьсгалын мэдээлэлд түшиглэн төв, орон нутгийн газар ашиглалт, усны нөөцийн төлөвлөлтийг сайжруулах, экосистемд тулгуурласан дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх, тогтвортой эх үүсвэрээс бэлтгэсэн мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, малчдын чадавхыг бэхжүүлэх гэсэн харилцан уялдаа бүхий зорилтын хүрээнд уг төслийг хэрэгжүүлэх аж.  


Холбоотой мэдээ