Сүхбаатар аймаг тойрог замаар бүрэн холбогдлоо

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-11-19 18:08:25

Сүхбаатар МОНЦАМЭ. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд тавдугаар тойргийн авто зам ашиглалтад орж, замын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь болон аймаг орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцов. Тус аймаг энэ онд авто замаа 18,8 км-ээр нэмэгдүүлжээ. 

Баруун-Урт сум 2009 онд таван км замтай байсан бол өнөөдөр 60 гаруй км замтай болж, аймгийн төвийг таван тойрог замаар хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу сүүлийн тойрог замыг ийнхүү ашиглалтад орууллаа.


Сүхбаатар аймаг 21 аймгаас анх удаа тойрог замаар бүрэн холбогдлоо. Зам дагаж хөгжил ирнэ. Тойрог замуудыг дагаж  дэд бүтэц тавигдаж, бүтээн байгуулалт өрнөнө. Иргэдийн өмч хөрөнгө  үнэ  хүрч, эдийн засгийн эргэлтэд орох ач холбогдолтой гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тодотгов.

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2020-2021 онд нийт 18,8 км авто замын байгууламж нэмэгдэж байна. 2019-2021 онд улсын төсвийн 12,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр аймгийн төвийн 4 дүгээр  тойргийн 9,1 км ,  5 дугаар тойргийн 5,65  км хатуу хучилттай  автозам, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 3,03 км хатуу хучилттай замыг  орон нутгийн 715 сая  төгрөгийн хөрөнгөөр  ашиглалтад оруулсан юм. Автозамын бүтээн байгуулалтыг  "Монгол зам" групп  богино хугацаанд гүйцэтгэжээ. 

2022 онд  улсын төсвөөс  Сүхбаатар аймагт нийт 77.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татжээ. Мөн орон нутгийн хөгжүүлэх сан, уул уурхайн хариуцлагын гэрээний төсөв нэмэгдэж, ирэх онд 100 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ