БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян  Монгол Улсад айлчилж  байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2016-07-14 08:41:35

БНХАУ-ын  Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян  Монгол Улсад айлчилж  байна. Тэрээр өчигдөр 18.00 цагт  тусгай үүргийн нислэгээр Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм. 

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяныг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаны хүмүүс Чингисийн талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэлж байна. Өчигдөр түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хаймин болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд “Чингис хаан” нисэх онгоцны буудалд угтсан юм.

Засгийн газрын урилгаар айлчилж буй Ли Көцян  энэ сарын 15, 16-нд  Ази-Европын дээд хэмжээний уулзалт АСЕМ-д оролцох юм байна.

Тэрээр айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхах юм.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны айлчлал хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг урагшлуулах, шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Холбоотой мэдээ