ШЕЗ-ийн шүүгч бус дөрвөн гишүүнийг томиллоо

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-25 12:07:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийг томилов. 


УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч дууссанаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Тэгвэл завсарлагын хугацаа өнөөдөр дуусгавар болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдаанд танилцуулав. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат завсарлагын хугацаа дууссантай холбогдуулан үг хэлэв. Тэрбээр,  завсарлагын хугацаанд нэр дэвшигчидтэй Бүлгийн гишүүд уулзаж санал солилцсон бөгөөд зарим хуулийн зөрчлийг арилгуулсан гэдгийг дурдлаа. 


Ингээд ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийг томилохыг дэмжсэн Байнгын хорооны саналаар санал хураан шийдвэрлэв. Тодруулбал, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр Н.Отгончимэгийг томилохыг 66.7 хувь, Н.Мөнгөнцэцэгийг томилохыг 75 хувь, Н.Баасанжавыг 80.8 хувь, Р.Онончимэгийг 74 хувийн саналаар дэмжлээ. Харин Д.Эрдэнэчимэгийг 42.9 хувь дэмжсэнээр уг санал уналаа. 


Ингээд ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр Н.Баасанжав, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Н.Отгончимэг нарыг томилох, Э.Батбаярыг чөлөөлөх тухай тогтоол батлагдлаа.


ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилогдсон дээрх хүмүүст УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргээд, "Хараат бус шүүхийн шинэчлэлийг хийж, хүн биш хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэхэд ашиг сонирхлын зөрчлөөс ангид, чин шударгаар ажиллахыг хүсэж байна. Голдуу эмэгтэй гишүүд сонгогдож байгаа тул эмэгтэйчүүдийн оролцоо, нэр хүндийг өндөрт өргөж ажиллаарай. Шүүхийн шинэчлэл Та бүхнээс хамаарна гэдгийг онцгой анхаарч ажиллахыг сануулж байна" хэмээлээ.

Холбоотой мэдээ