Их Британид насанд хүрсэн бүх иргэнийг нэмэлт тунд хамруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-11-30 16:32:16

ЛОНДОН. /BBC/. Их Британид коронавирусний “омикрон” хувилбарын тархалтаас үүдэн халдварын шинэ давлагаа үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд 18 болон түүнээс дээш насны бүх иргэнд вакцины нэмэлт тунд хамрагдахыг санал болгож эхлэхээр болжээ.


Вакцинжуулалт, дархлаажуулалтын асуудал хариуцсан хамтарсан хороо нэмэлт тунгийн дархлаажуулалтыг өргөтгөхтэй холбоотой хэд хэдэн зөвлөмжийг гаргажээ. Тус хорооны мэдээлснээр, вакцины хоёр дахь тунд хамрагдсанаас хойш нэмэлт тунг тариулах хугацааны доод хязгаар зургаан сар байсныг гурван сар болгон бууруулах ажээ.


Мөн 12-15 насны хүүхдүүдийг хоёр дахь тунд хамруулах хэрэгтэй гэж үзжээ. Урьдчилсан мэдээллээс үзэхэд “омикрон” өмнө нь халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн дахин халдварлах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байгаа ч судлаачид хувилбар вакцины үр дүнд хэрхэн нөлөөлөхийг судлахад гурван долоо хоногийн хугацаа шаардлагатай гэж үзэж байна.


Засгийн газар шинэ хувилбарын тархалтыг хяналтад авахын тулд мягмар гаргаас эхлэн Англид өөрийгөө тусгаарлах, дэлгүүр, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүх шинэ журам хэрэгжинэ гэдгийг мэдэгдсэн юм. Их Британид илэрсэн “омикрон” хувилбарын тохиолдлын тоо 11-д хүрээд байна.


Английн Эрүүл мэндийн газрын орлогч дарга, профессор Жонатан Ван-Там “Даунинг Стрит”-д болсон хэвлэлийн бага хурлын үеэр “омикрон” нь шинэ хувилбар тул судалж шинжлэх зүйл олон байгааг онцлон хэлжээ. Түүний ярьснаар, хэрэв вакцины үйлчлэл буурвал халдвар авахаас урьдчилан сэргийлэх үр дүн нь хамгийн их буурах магадлалтай байгаа бол эсрэгээрээ хүндээр өвчлөхөөс сэргийлэх үр дүнд нь бага нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Иймд нэмэлт тунд хамрагдах нь шинжлэх ухааны дүгнэлтийг хүлээх зуураа бидний хийж чадах хамгийн хялбар алхам болоод байна гэв.


Вакцинжуулалт, дархлаажуулалтын асуудал хариуцсан хамтарсан хорооны дарга, профессор Вэй Шэн Лим шинэ хувилбар Их Британид өргөн тархахгүй гэж таамаглаж байгаагаа илэрхийлсэн ч мэргэжилтнүүдийн хувьд өвчлөл нэмэгдсэн тохиолдолд хамгийн сайнаараа бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж үзэж байна. В.Лимийн ярьснаар, халдварын давлагаа дэгдэхээс өмнө иргэд вакцинд сайн хамрагдаж чадвал хувь хүмүүс төдийгүй нийгэмд ч ашиг тустай.


Их Британийн 12-оос дээш насны хүн амын вакцинд хамрагдсан үзүүлэлт /11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар/


Хэрэв Их Британид шинэ хувилбарын тархалтын улмаас халдварын шинэ давлагаа үүсвэл вакцины нэмэлт тунд олон хүн хамрагдсан байх нь ихээхэн ач холбогдолтой. Энд “хэрэв” хэмээн тодотгож байгаа нь “омикрон” хувилбарын талаар тодорхойгүй зүйлс олон байгаатай холбоотой байна. Тийнхүү “омикрон”-ы эсрэг вакцинуудын үйлчлэл буурвал нэмэлт тун дархлааны хариу урвалыг нэмэгдүүлсэн байх тул хувилбарын тархалттай тэмцэхэд тус дөхөм болно.


Гэхдээ энэ нь хүмүүс вакцины нэмэлт тунд сайн хамрагдсан тохиолдолд л гэдгийг санах хэрэгтэй. Одоогийн байдлаар, Үндэсний эрүүл мэндийн газар долоо хоногт дунджаар 2.5 сая орчим тун вакциныг нэмэлтээр тарьж байгаа бөгөөд энэ тооцоогоор нэмэлт тунд хамрагдах боломжтой бүх хүнийг дархлаажуулахад гурван сарын хугацаа шаардлагатай юм. Иргэдийг вакцинжуулах явцыг түргэтгэх нь амаргүй. Тухайлбал, хавраас хойш иргэдийг олноор вакцинжуулах 50 орчим цэг хаагдаад байгаагаас гадна эмнэлгийн ажилтнууд томуугийн вакцин тарихад болон өдөр тутмын ажлаа гүйцэтгэхэд түлхүү анхаарах болоод байгаа аж. Үүнээс үзэхэд вакцинжуулалтын цэгүүдийн ажиллах хугацааг сунгаж, түүнд ажиллах ажилтан, сайн дурынхны тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна.


Мөн дархлаа нь суларсан хүмүүст вакцины дөрөв дэх тунг санал болгохыг Вакцинжуулалт, дархлаажуулалтын асуудал хариуцсан хамтарсан хороо зөвлөжээ. Тэднийг одоогоор гурван тун вакцинд хамруулаад байгаа юм. Түүнчлэн нэмэлт тунг эмзэг бүлэгт тарих ажлыг эн тэргүүнд тавихыг зөвлөсөн байна. Их Британид нэмэлт тунг анх 50-иас дээш насны иргэд, галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, архаг хууч өвчтэй хүмүүст тарьж эхэлсэн бөгөөд энэ сарын эхэн үеэс 40-өөс дээш насныхныг хамруулж эхэлсэн юм.


Вакцинжуулалт, дархлаажуулалтын асуудал хариуцсан хамтарсан хороо эдгээр зөвлөмжийг Их Британийн улсуудын сайд нарт хүргүүлэх бөгөөд эцсийн шийдвэрийг хууль тогтоогчид гаргана. Одоогоор Англи, Шотланд, Уэльсийн сайд нар зөвлөмжийг дагана гэдгээ мэдэгдээд байна. Умард Ирландын эрх баригчдын хувьд ч мөн удахгүй хүлээн зөвшөөрөх төлөвтэй байна.


Үүнээс гадна тус хороо 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулахын ашиг тус, эрсдэлийн талаарх мэдээллийг үнэлэх ажлаа үргэлжлүүлж байгаагаа мэдээлжээ. Эм, эмийн бүтээгдэхүүний хяналтын газрын дарга, доктор Жун Рейний ярьснаар, мэргэжилтнүүд “Pfizer-BioNTech”-ийн вакцины хоёр дахь тунг 12-15 насны хүүхдүүдэд тарих нь аюулгүй болохыг тогтоосон бөгөөд эхний тунг хийлгэснээс 12 долоо хоногийн дараа тарих боломжтой байна.


Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн мэдээллээр, “омикрон” хувилбараар халдварласан сүүлийн тохиолдлууд Лондон хотын Камден, Уондсворт дүүрэгт бүртгэгджээ. Мөн Англид илэрсэн гурван тохиолдол нь Африкийн өмнөд хэсгээс ирсэн хүмүүс байжээ. Харин Шотландад илэрсэн зургаан тохиолдлын зарим нь хилийн чанадад зорчоогүй байсан тул олон нийтийн дунд халдвар тархсаныг харуулж байна. Гэхдээ өргөн хүрээг хамран тархсан гэж үзэх нөхцөл одоогоор ажиглагдаагүй байна. 

Холбоотой мэдээ