Сэтгүүлч нар жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг бүтээл гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. ХЗДХЯ болон АХБ-ны хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд сэтгүүлч нар жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг сэтгүүл зүйн бүтээл гаргахаар болжээ.
Тодруулбал, Хэвлэлийн хүрээлэнгээс Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд нэгдэж, өнгөрсөн сарын 26-27-нд “Сэтгүүлчид хүчирхийллийн эсрэг” сургалт зохион байгуулсан байна. Уг сургалтад хүчирхийлэл, жендэрийн асуудлыг хөндөн бичдэг сэтгүүлчдийг сүүлийн үеийн судалгаа мэдээлэлтэй танилцуулжээ. Уг сургалтын үр дүнд сэтгүүлч нар нийтлэлүүд гаргахаар болжээ.
Хэвлэлийн хүрээлэнгээс явуулсан судалгаагаар, хэвлэл мэдээллийн байгууллагууд жендэр, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдээлэхдээ хувийн нууц, хувь хүний эрх, нэр хүндийг тодорхой хэмжээгээр хамгаалж хэвшиж байгаа боловч хохирогчийг буруутгах хандлага ажиглагдсан хэвээр байгаа нь ажиглагджээ. Иймд хохирогчийг буруутгах хандлагаас зайлсхийж, мэдээ, нийтлэлийг бэлтгэх арга барилыг эзэмшүүлэхэд энэхүү үйл ажиллагааны гол зорилго чиглэж буй юм.
Сургалтад хамрагдаж буй сэтгүүлч нар нарийн мэдрэмж, мэдлэг, ёс зүй шаарддаг жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг мэдээ, материал бичихэд мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.