Өвлийн спортын шигшээ багийн тамирчидтай цахимаар уулзлаа

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-12-03 07:05:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цана, тэшүүр, биатлоны шигшээ тамирчид энэ өдрүүдэд хилийн чанадад бэлтгэл сургуулилтаа базаан, олимпын эрхийн тэмцээнд оролцож байгаа юм.


Өчигдөр /2021.12.02/ МҮОХ, БТСУХ, спорт холбоодын удирдлагууд өвлийн спортын тамирчидтай цахим уулзалт хийлээ. Уулзалтад МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Хатан, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од, Монголын тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл болон олимпын эрхийн төлөө өрсөлдөж буй тамирчид оролцов.


Энэ үеэр МҮОХ-ноос “Бээжин-2022” өвлийн олимпын талаар болон допингийн эсрэг сургалтын тухай мэдээлэл хүргэж, “Ковид-19” цар тахалтай холбоотой дүрэм журам, зөвлөмжийг танилцуулав. Мөн нээлтийн ёслол болон тэмцээн уралдааны үеэр өмсөх хувцасны талаар санал солилцлоо.

Харин холбоодоос олимпын эрхийн явцын талаар мэдээлэл өгч, бэлтгэл сургуулилтын нөхцөл байдлаа танилцуулав.



Цаначдын тухайд Швейцарт 20 хоногийн бэлтгэл хийж байгаа бөгөөд тус улсын залуучуудын шигшээгийн дасгалжуулагч тэдний “уяа сойлго”-ыг тааруулж байна. Цаначид маргаашнаас олимпын эрхийн тэмцээнүүддээ оролцож эхлэх юм.


Биатлончид Шведэд бэлтгэл хийж, тэмцээнд оролцсоныхоо дараа Норвегид хүрэлцэн ирээд байна. Харин тэшүүрчид АНУ-д бэлтгэлээ базааж байгаа бөгөөд баасан гаргаас Дэлхийн цомын цувралуудад оролцож эхэлнэ.

Холбоотой мэдээ