Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-12-03 11:34:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлажээ. Энэ өдрийг бий болгосон гол зорилго нь хүний эрхийг тэгш сахих мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцуулах явдал юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1982 онд баталсан дэлхийн хөтөлбөрт энэ зорилгыг тодорхой тусгажээ.


Дэлхийн улс орнууд 1800 оноос хойш хөгжлийн бэрхшээлийн талаарх тоон мэдээллийг цуглуулж эхэлсэн бөгөөд сүүлийн 60 жилд энэ төрлийн мэдээллийг цуглуулах улс орны тоо нэмэгдэж байна. АНУ, Энэтхэг болон Португал зэрэг улсууд 19 дүгээр зууны туршид хүн амын тооллогын асуулгандаа хөгжлийн бэрхшээлийн асуултыг оруулж судалсан түүхтэй байдаг. Өнөөгийн байдлаар дэлхийн 198 улс оронд 700 гаруй тооллого, өрхөд суурилсан түүвэр судалгаагаар хөгжлийн бэрхшээлийн тоон мэдээллийг гаргадаг байх жишээтэй.


Монгол Улсын хувьд бэрхшээлтэй хүний талаарх албан ёсны статистик мэдээллийг дараах үндсэн 3 эх үүсвэрээс гаргаж байна. Үүнд:

- Нийгмийн зарим үзүүлэлтийн мэдээ (НЗҮ-1)-гээр: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо, хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан, хөгжлийн бэрхшээлийн хэлбэрийг харуулсан мэдээллийг жил бүр гаргадаг байна. Энэ мэдээнд Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөгжлийн бэрхшээлтэй гэж тодорхойлсон хүнийг хамруулна.

- Хүн амын орон сууцны тооллого: Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүн ам зүй, нийгэм эдийн засгийн болон ахуйн нөхцөлийн үзүүлэлтийг цогцоор судлан тодорхойлох зорилгоор Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх тоон мэдээллийг цуглуулж, нэгтгэн боловсруулж нийтэд тараажээ.

- Өрхөд суурилсан түүвэр судалгаа: Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөөлж болохуйц тодорхой хэсгийг сонгон авч дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулан дүн шинжилгээ хийх замаар бодлого хөтөлбөрийн үр дүнг дүгнэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны суурь мэдээллийг тодорхойлжээ.


Үндэсний статистикийн хороо нь тогтмол хугацааны давтамжтайгаар өрхөд суурилсан түүвэр судалгаануудыг зохион байгуулдаг бөгөөд эдгээр судалгаанууд нь өөр өөрийн гэсэн тодорхой зорилго, агуулгын хүрээнд боловсруулагдсан арга зүйг ашигладаг. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд дэлгэрэнгүй асуулгыг тэгш тоотой жилүүдэд ашиглаж байгаа бөгөөд энэ онуудад хүн амын эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлийг судалж байна. Харин эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амьдралын туршлага судалгааг анх удаа 2017 онд зохион байгуулсан аж. Уг судалгаагаар хөгжлийн бэрхшээлийн богино багц асуултын хүрээнд 15-64 насны эмэгтэйчүүдийн хувьд хөгжлийн бэрхшээлийн байдлыг судалсан байх юм.


Олон улсын эрхийн өдөрт зориулан Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төв (СЗСҮТ)-ийн Мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургуулийн оюутан суралцагчдын сургалт-үйлдвэрлэлийн дадлагын хичээлээр хийсэн “би чадна” бүтээлийн үзэсгэлэнг зохион байгууллаа”гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-ын сайтад мэдээлжээ


Мөн төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, мэдээлэл зөвлөгөө өгөх, ажил хайгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байнгын ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой. “Ээлтэй экспо-2021” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг иргэд, аж ахуй нэгж байгууллагад танилцуулах, нээлттэй ажлын байранд зуучлах арга хэмжээг ХБХХЕГ, “Эйч Ар” клубтэй хамтран зохион байгуулсан байна. Тухайн үйл ажиллагаанд ажил олгогч байгууллагаар “Шунхлай”, “АПУ” ХХК, “Оюу толгой” ХХК, “Монос” групп, “Номин холдинг” ХХК, “Тэсо” групп зэрэг байгууллагууд оролцжээ. Энэ үеэр 50 гаруй ажил олгогч байгууллага 400 нээлттэй ажлын байр танилцуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт хийж, 40 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд зуучилсан байх юм.


Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д зааснаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хамааруулна” гэжээ. Тухайн хүнд удамшлын шинжтэйгээр бий болсон хөгжлийн бэрхшээлийг төрөлхийн, амьдралын явцад бий болсон хөгжлийн бэрхшээлийг олдмол гэсэн төрөлд хамааруулна.  Мөн тухайн иргэнд ямар байдлаар илэрч байгаатай нь холбогдуулан харааны, ярианы, сонсголын, хөдөлгөөний, сэтгэцийн, бусад (эдгээрээс бусад болон хавсарсан) гэсэн 6 ангиллаар авч үздэг байх юм.

Холбоотой мэдээ