Шүлхий өвчний тохиолдол бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-12-03 22:07:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн Хойд уйлт гэдэг газар аймгийн төвөөс  баруун зүгт 83 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км–т энэ сарын хоёрны өдөр шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэн байна.

Тус сумын Засаг даргын  захирамжаар 21 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоон Хөх цавын ам, Хөх сайгын ам, Улаан хад, Халзан давааны ам гэх газруудад хяналтын 4 постод ажиллаж байна.


Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусний гаралтай гоц халдварт өвчин. Өвчтэй болон өвчлөөд эдгэрсэн мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үрийн шингэнээр гадагшилсан вирусээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, гутал хувцас зэрэг нь халдвар тараах эх үүсвэр болдог. Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус агаар дуслын замаар хол зайд халдварлах боломжтой.

Өвчний нууц үе нь ихэнхдээ 3-5 хоног ба заримдаа 21 хоног байдаг. Шүлхийгээр өвчилсөн мал амьтны ам, хамар, буйл тагнай, завж, хэл, дэлэн хөх, турууны арьсанд яршил үүсэх, доголох, ус тэжээлдээ дургүй болох, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Иргэд онцын шаардлагагүй бол шүлхий өвчин гарсан аймгийн нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

 


Холбоотой мэдээ