Нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо эрс цөөрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны эхний гурван улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо өмнөх жилээс эрс буурсан дүн гарчээ.
2020 онд 63 хүүхэд хараа хяналтгүй бүртгэгдэж байсан бол, энэ оны гуравдугаар улирлын байдлаар нэг хүүхэд хараа хяналтгүй гэж бүртгэгдсэн байна. Мөн нийслэлийн хэмжээнд 132 хүүхэд хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа гарчээ.
Түүнчлэн Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээнд 2021 оны гуравдугаар улирлын байдлаар давхардсан тоогоор нийт 2780 хүнд аюулгүй байдал, хамгааллын үйлчилгээг үзүүлжээ. Үйлчилгээ авсан иргэдийн 74.3 хувь нь хүүхэд байна. Түр хамгаалах байранд ирж үйлчилгээ авсан хүмүүсийн 30 хувьд нь сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгч, 208 хүүхдийг цахим хичээлд хамруулж, 13 хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 866 иргэнийг гэр бүлд нь нэгтгэсэн байна.
2020 онд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулсан бол 2021 онд Баянгол, Налайх дүүрэгт түр хамгаалах байрыг байгуулаад байна. 2022-2023 онд хүн амын нягтаршил ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрыг барихаар төлөвлөөд байна гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүйтэн сэрүүний улиралд хүүхдийг эрсдэлд өртөхөөс сэргийлэх, гудамжны нөхцөлд байгаа хараа хяналтгүй болон хараа хяналт сул хүүхдийг илрүүлэн “КОВИД-19”-ийн халдвараас сэргийлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь эргэн нэгтгэх зорилгоор “Хүүхэд хамгаалал-2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.