Ч.Болортуяа: Хилийн боомтод илэрсэн 17 эерэг тохиолдолд омикрон хувилбар байгаагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-14 15:26:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингис хаан нисэх буудлын боомтод 4000 гаруй шинжилгээ авснаас 17 эерэг тохиолдол илэрсэн бөгөөд тэдгээрээс омикрон хувилбар илрээгүйг ЭМЯ, УОК-оос мэдээлсэн тухай Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өнөөдөр мэдээлэв. 


УОК-ын мэдээгээр, коронавирусний омикрон хувилбар дэлхийн 70 улсад бүртгэгдсэн. Манай улсын хувьд, тус хувилбарыг ДЭМБ бүртгэсэн цагаас хилийн боомтуудад тандалтыг эрчимтэй хийж байгаа юм. УОК-ын мэдээгээр, манай улсад дотоодын халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногоос 2198-аар буурсан. Эмнэлэгт 3168 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хэдийгээр өдөрт илрэх тохиолдлын тоо буурч байгаа ч дэлхий дахинд коронавирусний дельта болон омикрон хувилбарын тархалт нэмэгдэж байгааг анхааруулав. Иймд вакцины гуравдугаар тунд идэвхтэй хамрагдахыг Засгийн газраас уриалж буйг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллийн үеэр уламжиллаа. 


Улсын хэмжээнд, өчигдрийн байдлаар, коронавирусний эсрэг вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 69 хувь, хоёрдугаар тунд 66.3 хувь, гуравдугаар тунд 25 хувь нь хамрагдаад байна. Гуравдугаар тунг зөвхөн насанд хүрсэн иргэдэд хийж байгаа бөгөөд одоогоор 43 хувьтай байгаа аж. Тоогоор нь авч үзвэл, 814 756 хүн гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Орон нутгийн хувьд, Сүхбаатар, Завхан аймагт коронавирусний эсрэг вакцины гуравдугаар тунд 50 хувиас дээш буюу хамгийн идэвхтэй байна. Насны бүлгээр нь үзвэл, 70-74 насныхан хамгийн идэвхтэй байгаа юм. Хамгийн идэвх сул нь 18-19 насныхан буюу тэдний 30 хувь нь вакцины гуравдугаар тунд хамрагджээ.

Холбоотой мэдээ