Дэлхий даяар долоо хоногт 4 сая гаруй хүн халдвар авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /TASS/. Энэ сарын 6-12-ны хоорондох долоо хоногт дэлхий даяар коронавирусний халдварын 4 000 817 тохиолдол илэрч, 46 961 хүн нас баржээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) лхагва гараг бүр гаргадаг халдварын талаарх долоо хоног тутмын мэдээнд дурдсанаар, өмнөх долоо хоногтой харьцуулахад халдварын шинэ тохиолдлын тоо 5 хувиар, нас баралтын үзүүлэлт 10 хувиар буурсан байна.
Долоо хоногт илэрсэн халдварын нийт тохиолдлын 65 хувь нь Европ тивд бүртгэгджээ. Тус тивд өвчлөл 7 хувиар, нас баралт 3 хувиар буурсан байна. Харин Африк тивд өвчлөл эрс (111 хувь) нэмэгдсэн бол өнгөрсөн долоо хоногт Америк (10 хувь), Зүүн өмнөд Ази (10 хувь), Номхон далайн баруун бүс нутагт (7 хувь) халдварын тохиолдол мэдэгдэхүйц буурчээ. Нас баралтын үзүүлэлт Номхон далайн баруун бүс нутагт (4 хувиар) өссөн ч Зүүн Өмнөд Ази (50 хувь), Америк (14 хувь), Газрын Дундад тэнгисийн зүүн хэсэгт (3 хувь) болон Африк тивд (1 хувиар) буурсан байна.
Долоо хоногт халдварын хамгийн олон тохиолдол АНУ-д (674 019) бүртгэгджээ. Тус улсын дараа Герман (351 738), Их Британи (350 340), Франц (335 972), ОХУ (215 283) орж байна.
Сүүлийн 60 хоногт хийсэн шинжилгээнүүдийн 99.2 хувьд нь “дельта”, 0.4 хувьд нь “омикрон” хувилбар илэрчээ. ДЭМБ-аас мэдээлснээр, “омикрон” хувилбар одоогийн байдлаар 77 оронд илрээд байна.
12 дугаар сарын 14-ний байдлаар дэлхий даяар халдварын 270 031 622 тохиолдол бүртгэгдэж, 5 310 502 хүн нас баржээ.
Холбоотой мэдээ

