Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын цогцолбор төслийн хэмжээнд 220 км гол замын үеийг угсарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-21 17:16:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 242, 2019 оны 304 дүгээр тогтоолын дагуу төмөр замын барилгын ажлыг “Тавантолгой төмөр зам” ХХК  2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлүүлж, ирэх оны долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.


Энэ оны гуравдугаар улирлын байдлаар төслийн талбайд 2300 орчим хүн, 800 орчим техник, хүнд машин механизмтайгаар ажиллаж байна.


Төслийн доод бүтцийн ажил 96.8 хувьтай, ачилтын тойргийн газар шорооны ажил 100 хувь дууссан бол хил холболтын газар шорооны ажил 94.9 хувь, эрчим хүч 61.5 хувь, дохиолол холбоо 36.4 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.


Түүнчлэн өртөө зөрлөг, удирдлагын байрны барилга угсралт болон орон сууцны барилгын ажлууд үргэлжилж, төслийн хэмжээнд нийт 220 км гол замын үеийг угсраад байгаа аж.


Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон хоёр өртөө, зургаан зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэх бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригдаж байгаа юм.


Тус төмөр зам ашиглалтад орсноор,

  • БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг 40 ам.доллароос 8 ам.доллар болж, тонн тутамд 4 дахин буурна.
  • Төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортын хэмжээ нэмэгдэж, БНХАУ төдийгүй тус улсын далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх боломжтой болно.
  • Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэнэ.
  • Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасна.
  • Авто тээврийн осол, зөрчил буурч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ.
  • 2000 орчим тогтмол ажлын байр шинээр бий болно.
  • Улсад жилд 20–28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор 1 тэрбум ам.долларын ногдол ашиг Засгийн газарт өгч, улс орны эдийн засагт бодит дэмжлэг болно.
  • Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж буй.
Холбоотой мэдээ