Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Монгол дахь иргэдтэйгээ уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-18 08:53:01

УЛААНБААТАР. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ өнгөрсөн амралтын өдөр Монголд ажиллаж, амьдарч байгаа өмнөд солонгосчуудттай уулзаж, тэдэнд урам өгөхийн зэрэгцээ хоёр улс хоорондын харилцааг бэхжүүлэхэд цаашид ч хүчин чармайлт гаргахыг тэднээс хүслээ.

Монголд хоёр өдрийн албан ёсны айлчлал хийж буй Ерөнхийлөгч Пак Өмнөд Солонгосын 70 гаруй иргэнтэй уулзсан байна.

Өмнөд Солонгост тулгамдаж байгаа нийгэм, эдийн засаг болон аюулгүй байдлын асуудлуудыг даван туулахад өмнөд солонгосчууд бүгд “эв нэгдэл”-тэй байх нь чухал гэж уг уулзалтын үеэр Ерөнхийлөгч Пак онцлон тэмдэглэжээ.

Мөн Өмнөд Солонгосын Засгийн газрын “Евразийн санаачилга” санаачилгыг дэмжихийг Монгол дахь  иргэддээ Ерөнхийлөгч уриалаад, “Монгол бол стратегийн чухал ач холбогдох бүхий улс” гэжээ. Энэ санаачилга нь тээвэр, дэд бүтэц, мэдээлэл технологи болон бусад салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар дан, нэгдмэл Евразийг бий болгох зорилготой юм.

Пак хэлэхдээ “Монголын хувьд Евразид стратегийн ач холбогдол бүхий байршилд оршдог улс. Засгийн газар энэ санаачилгыг хэрэгжүүлэхэд та бүхний дэмжлэг чухал” гэжээ.

Монголд Өмнөд Солонгосын 3000 орчим иргэн байна. Тэд ресторан ажиллуулахаас гадна аялал жуулчлал, худалдаа, барилга, үл хөдлөх хөрөнгө болон бизнесийн янз бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Мөн тэд мэдээлэл холбооны технологийн “Хүрээ” дээд сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургууль болон “Эм-Ай-Ю” буюу Монголын олон улсын дээд сургууль гэсэн гурван их дээд сургууль байгуулан Монголын дээд боловсролыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ