Африкийн Холбоо анх удаа цахим паспорт гаргалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-18 11:06:11

КИГАЛИ. /Xinhua/. Африк тивийн орнуудын удирдагчид өчигдөр Руанда улсын нийслэл Кигали хотод цугларч, хоёр жил тутамд болдог Африкийн Холбооны улсуудын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Африкийн хамгийн анхны цахим паспортыг үзэж танилцсан байна.

Африкийн Холбооны комиссын дарга Н.Дламини Зума Африкийн саммитын  нээлтийн үеэр тус тивийн хамгийн анхны цахим паспортыг гаргасныг мэдэгдээд, уг хуралдааныг ээлжлэн даргалагч Бүгд Найрамдах Чад Улсын Ерөнхийлөгч Идрис Деби болон Руанда улсын Ерөнхийлөгч Пол Кагаме нарт цахим паспортыг гардуулан өгчээ.

Африкийн Холбооны мэдээлснээр, ийм цахим паспортыг эхний ээлжид тус холбооны төр, засгийн тэргүүн нар, Гадаад хэргийн сайд нар болон Аддис-Абиба хот дахь Африкийн Холбооны төв байранд байрладаг гишүүн орнуудын байнгын төлөөлөгч нарт олгох ажээ.

Африк тивийн Дээд хэмжээний уулзалт “2016: Африкийн хүний эрхийн жилд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах явдлыг онцгойлон авч үзэх нь” гэсэн сэдвээр болж байгаа юм. Гэсэн хэдий ч Африкийн орнуудын удирдагчид Өмнөд Судан дахь мөргөлдөөнтэй холбогдуулан энх тайван, аюулгүй байдлын асуудлыг түлхүү хэлэлцэх бололтой байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ