2021 ОНЫ ОНЦЛОХ НОМУУД |Цуврал 2|

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-12-30 17:03:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


2020 он гарснаар бид цаг үргэлж цар тахлын аюултай тулгарч ирсэн. Сүүлийн саруудад дотроо алдсанаар  өнгөрсөн оны 11 сарын сүүлчээр “хөл хорио” тогтоож, дунд нь ганц нэг долоо хоног завсардаснаас бусдаар хөл хорионы байдалтай байв. 2021 оны эхэн сарууд ч мөн адилхан үргэлжлэв. Хүн ихээр цугладаг газруудын үйл ажиллагааг зогсоож, томоохон тэмдэглэлт баяр наадмуудыг цуцалсан билээ. Сүүлд номын дэлгүүрүүдийн хаалгыг барьсан ч хүмүүс “онлайн” захиалгаар ном авч унших болсон. Ер нь ном соёлтой холбоотой үйл ажиллагаа бүрэн зогссонгүй. Уран бүтээлчид бүтээлээ туурвиж, хэвлэн нийтлэгч компаниуд хатуу хөл хорио тогтоогоогүй үед ажиллаж, редакторууд хянаж, дуун хөрвүүлэгчид орчуулсаар байлаа. Тиймээс ч гадаад, дотоодын олон бүтээлүүд хэвлэгдэн гарч уншигчид ч унших номоор тасраагүй юм. Ийнхүү гадаад хэлнээс орчуулагдсан 2021 оны онцлох бүтээлүүдийг танилцуулж байна. 


УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГА




ИЛИАДА


Урлаг, уран зохиол дахь хамгийн том орон зайг эзэлдэг Хомэрийн “Илиада” тууль монгол хэлт уншигчдад хүрэв. Өнгөрсөн онд “Одиссэй” нь мөн орчуулагдсан юм. Уг бүтээлд Тройн дайны арав дахь буюу сүүлийн жилийн 51 өдрийн үйл явдлыг нийт 24 хайлаанд буюу 15,693 бадгаар өгүүлнэ. Мөнхүү дайны тухай гэхээс илүүтэй Ахиллын уур хилэн, түүний учир шалтгаан, уршигт үр дагаврын тухай гардаг.


Нийт 24 дуулалаас бүрдэх эл туулийг МУСГЗ Д.Цахилгаан эх монгол хэлийнхээ баян тансаг үгсийн эрдэнээр сүлжин зангидаж хөрвүүлсэн байна. Хомэрийн өөр нэг бүтээл болох Одиссэй өөрийн эх нутаг, эхнэрээ эргүүлэн авч, хайрт аавтайгаа уулзан, өндөр сэнтийдээ заларч байна. Грекийн охин Афина дархи Одиссэйн эртний үнэнч зөвлөх Ментор түшлэмийн дүрд хувилан үргэлж хажууд нь зөвлөж явахаар болов. Өчнөөн их хядлага, хэрцгийлэл явагдсаны дараа эргээд энх тайван тогтлоо. Энэ бүгдээс үзэхэд нэг зүйл тодорхой харагдаж байна. Нар жаргаж дахин манддаг шиг, бүх зүйлс сүйрэн унаж, мөхсөний хойно шинэ соёл иргэншил мандах болно. Магадгүй туульсийн хамгийн гол санаа нь энэ байсан биз. VIII дугаар зууны тэртээ шавар хавтангууд дээр бичиж үлдээсэн “Биовүлф” туульсд ч мөн “Иргэншил оршихын тулд үхэлтэй нүүр тулах шаардлагатай” (ерөөс бүх туульс) хэмээн өгүүлсэн тухай Жон Сатэрлэнд бичсэн нь бий.


“Илиада” туульс ч мөн ялгаагүй. Трой хот үнс нурам болон шатаж байж л тэр үнснээс Грек хэмээх галт шувуу сэрсэн. Энэ тулаан өөрөөр эргэсэн бол бидний амьдрал, үүх түүх тэс өөрөөр бичигдэх байсан нь лавтай. Сүр жавхлан, алдар хүндийн цуурай өөр эрсийн нэрээр, утга уран зохиолд амилж, зотон дээр бийрээр сэрж, сийлбэр болон мөнхрөхгүй байхсан ч юм билүү. Ямартаа ч уншигч бидэнд жаахан ч гэсэн төсөөллийн оройн зай хэрэгтэй шүү дээ. Гэвч Грек улс сэргэн манджээ. Дайны ялалтын гол гавьяа арга мэхт Одиссэйн сэдсэн модон морьтой шууд холбоотой. Иймэрхүү шинэлэг бичлэгийн хэлбэртэй, хоорондын мөчлөг бүр нь нарийн холбогдсон бүтээл баатарлаг туульсийн эрин үе өнгөрч асан тэр л цагт төржээ


СИДДХАРТА


Нобелийн шагналт, Германы хамгийн чухаг зохиолчдын нэг Херманн Хессегийн гол бүтээл болох “Сиддхарта” цоо шинэ орчуулгатайгаар хэвлэгдэн гарсан юм. Өмнө нь энэхүү зохиолын хэд, хэдэн хувилбар монгол хэлнээ дуун хөрвүүлэгдсэн билээ.


Уг бүтээл нь 1922 онд Герман хэлээр хэвлэгдсэнээс хойш орчин цагийн сонгодог уран зохиолын тоонд зүй ёсоор багтддаг. Зохиолын гол дүрийн баатар Сиддхарта өөрийн гэрээ орхин амьдралын утга учрыг таньж мэдэхээр холын аянд гардаг. Сиддхарта номлогч аавынхаа гэрээс гарч ууланд даяанчилж саман болсон ч тэндээс хүссэн зүйлээ олоогүй тул найз Говиндагийн хамт Буддагийн сургаалыг сонсохоор явдаг. Гаутама Буддагийн сургаал үнэн боловч хэн ч бусдын сургаалыг сонсож, заасан замаар нь яваад гэгээрэлд хүрэхгүй, гагцхүү өөрийн замаар явж, өөрөө хайж, бодож, бясалгаж байж хүсэн тэмүүлдэг эцсийн зорилгодоо хүрч чадна хэмээн итгэж аяллаа ганцаар үргэлжлүүлнэ. Худалдаачин болж эгэл хүмүүсийн амьдралаар амьдарч, хайр дурлалтай учрах хэдий ч анх гэрээс гарсан зорилгоо гүйцээхийн төлөө эгэл амьдралаа ч орхин явдаг.


Алив зүйлийн утга учир, мөн чанар нь нэг газар нууцаар оршдог бус тэрхүү зүйлийнхээ дотор нь оршдог.


ЭХ ОРОН ЧИНЬ ДУУДАЖ БАЙНА


Нэгэн улс, эх орны хувь заяаг хэрхэн үгээр бүтээж болох вэ? Тус асуултанд Солонгосын зохиолч Ким Ионгха “Эх орон чинь дуудаж байна” романаар хариулт өгсөн шиг санагдана. Гол дүрийн баатар нь Хойд Солонгосын тагнуулч байх бөгөөд энэхүү дүрийг урлахад зохиолчийн Сувоны цагдаагийн хэсэгт туслах мөрдөгчөөр ажиллаж байсан нь давуу тал болж өгсөн болов уу. Тус номыг “Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бөгөөд Японы зохиолч Саяака Муратагийн “Нэрийн дэлгүүрийн эмэгтэй” романыг дуун хөрвүүлсэн Б.Дэлгэрмаа монголчилжээ.


“Эх орон чинь дуудаж байна” роман зохиолчийн хамгийн чухал бүтээлд тооцогдох бөгөөд нэг ард түмэн хоёр хэсэг хуваагдаж, хэлээр биш ч хилээр харьшсан явдлаас ургуулан хүмүүний хувь заяа хийгээд мөн чанарыг нийгэм, ёс суртахууны олон талаас шүүн тунгаасан сонирхолтой бүтээл юм. Ким Ионгха нь “Надад өөрийгөө егүүтгэх эрх бий”,  “Хар цэцэг”, “Алуурчны ой санамжийн лавлах” зэрэг романууд туурвисан байна.


Үүнээс гадна “Тагтаа” хэвлэлийн газраас энэ онд Жулиан Барнсын 2011 оны “Man Booker” шагналыг хүртсэн “Төгсгөлийн мэдрэмж” романыг уншигчдад мөн хүргэсэн билээ.


ЭЗЭНТНИЙ НАМАР


Монгол уншигчдын хамгийн сайн мэдэх зохиолчдын нэг Габриэль Гарсиа Маркесийн “Эзэнтний намар” роман орчуулагч Б.Гэрлээгийн хөрвүүлснээр уншигчдад хүрэв. Хүний оюун санаанд төрж болох бүхнийг урлаг, түүх, үлгэр домогтой хольж хутгаад шинэ үзэл санааг биежүүлж гаргах боломжтой замын Маркес нээн үзүүлсэн билээ. Харин “Эзэнтний намар”-т улс төрийн бурангуй систем, нийгмийн харш явдлыг ёжилсон хэсгүүдтэй уншигчид нүүр тулна.


Жишээ нь улсын ёслол хүндэтгэлийн өргөөний улаан хивс дэвссэн харшийн танхимаар үхэр алхсаар төв тагтан дээр гарч ирээд жаргах нарны туяа харан зогсож байсан хэсгээс авахуулаад яг л Маркесаас гарч болох бичиглэлийн хэлбэр байх бөгөөд түүний үнэнч фенүүдэд тус роман таалагдах нь гарцаагүй.


БИДНИЙ ДОТОРХ ЧӨТГӨР


Уг романы эхлүүлэн уншиж явахдаа өөрөө ч бодож олоогүй байсан нэг үнэнтэй нүүр тулж билээ. Тэр нь энэ.


“Удаан бодож эргэцүүлэхээр нэг л зүйл тодорхой болж байгаа юм, тэр нь юу вэ гэхээр бидэнд хийж чадах цор ганц зүйл буй нь үхэх л юм байна. Тийм ээ, бид үхэж чадна, ингэснээрээ бид өөрийн хүсэл зоргоор, хэнээс чхамааралгүйгээр нэг зүйл хийсэн болно”.


Ингээд л цааш хөвөрчихсөн. Туркийн алдарт зохиолч Сабахаттин Алигийн “Бидний доторх чөтгөр” роман философийн бүтээл гэж тодорхойлсон ч болно. Эл зохиогчийн “Арьсан хүрэмтэй Мадонна” романд сэтгэл уярам хайрын түүх өгүүлэгддэг. “Бидний доторх чөтгөр” ч мөн ялгаагүй. Гэхдээ илүү нухацтай авч үзвэл нийгэм дэх ахуйн дарамт, сул дорой хүн ард, сэхээтэн нэрийг мэрж орших балар харанхуй ертөнцийг хүмүүний дотроос уудлан гаргаж ирснээрээ онцлогтой. Үүнээс гадна романы монолог уншигчдын сонирхлыг илүү ихээр татах болов уу.


МӨРИЙЧ


Алдарт зохиолч Ф.М.Достоевскийн 200 жилийн ой энэ онд тохиож түүний “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжиг Орфей театрт тавигдсан билээ. Мөнхүү зохиолчийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох “Мөрийч” роман СГЗ, Д.Цахилгааны орчуулгаар уншигчдад хүрсэн юм.


Мөрийгөөр эхэлж, мөрийгөө дуусгавар болгосон эл зохиолын гол үйл явдал Герман улсын Рулетэнбург буюу Висбаден хотын зохиомол нэрт газар өрнөнө. Залуу багш Алексей, дагавар охин Полинад нь сэтгэл алдрах бөгөөд түүний хэлсэн бүхнийг тушаал хэмээн хүлээн авдаг. Гэвч Генерал болон генералын эхнэр болж, хэргэм зэрэг горьдож буй Бланш хатагтай, генералаас өрөө авахаар зэхэж буй франц эр Де-Грие, бүгд л тус тусын зовлон гачаалтай байх агаад тэднийг гагц машид баян, яхир эмгэний нас барахыг хүлээсэн мэдээ л холбоно. Үхлийг нь хүлээн суух цаг дор эмгэн гэнэт л өөрийн биеэр тэдэн дээр ирж бүгдийг гайхшруулах агаад төлөвлөсөн, бодсон бүхэн та бүхний зоргоор болохгүй хэмээн батлан харуулах гэсэн шиг, өвлөгдөж ирнэ гэж найдсан мөнгөөр нь мөрийтэй тоглон, хүн бүхний хувь заяа төөргийг рулетын шаариг адил эргүүлээд хаячих нь тэр.


ПАЧИНКО


Солонгос гаралтай Америкийн зохиолч Мин Жи Лигийн “Пачинко” нь япон улсад амьдарч асан нэг сая солонгос иргэний тухай өгүүлсэн хамгийн анхны роман гэгддэг. “Түүх нигүүлсэнгүй байсан нь ховор” гэх тодотголтойгоор “Пачинко” романд эх нутгаасаа дайжиж, хувь заяандаа эзэн болохоор тэмцэж буй, ядуу тарчиг ч шулуун шударга нэгэн гэр бүлийн дөрвөн үеийн амьдралын түүхийг өгүүлдэг.


Уг роман худалдаанд гарсан даруйдаа уншигч, утга зохиолын шүүмжлэгчдийн дунд шуугиан тарьж “New York Times”-ийн бестселлер болснллс гадна АНУ-ын хамгийн нэр хүндтэй “National Book Award”-ийн уран зохиолын шилдэг номын нэгээр шалгарч, “BBC-гийн оны шилдэг 10 ном”-д нэрлэгдсэнээс гадна 25 хэлээр орчуулагджээ.


АМЬТНЫ ФЕРМ


Улс төрийн дистопи романы туг болсон Жорж Оруэллийн “1984”, “Амьтны ферм” романуудыг “Монсудар” хэвлэлийн газраас дахин шинэчлэж уншигчдад хүргэсэн нь цаг үеийн нөхцөл байдалд ч тун таарч байв. Учир нь энэ жилийн сонгууль, цар тахал, хөл хорионы үеэр чухал тус романуудад гардаг үйл явдлыг бид нүдээр үзсэн билээ. Нэг намын нөлөө, “Бүх амьтан тэгш эрхтэй. Гэвч гахай бусдаас илүү эрхтэй” гэх уриа хүртэл яг нүдэн дээр амилсан гэхэд болно. Үр дагаврыг нь бид сайн мэднэ шүү дээ.


“Амьтны ферм” зохиолд нэгэн фермийн амьтад өөрсдийг нь дарлан мөлжиж, амь залгуулах төдийхнөөр аргацаан, хүнд хүчир хөдөлмөрт нухлах эзэн “ХҮН”-ий эсрэг бослого гаргаж буй тухай ёгтлон өгүүлнэ. Гэвч төд удалгүй гахайнууд ба тэдний туслагчид гэх шинэ ноёлогч анги бий болоод зогсохгүй, урьдын дарлан мөлжигчид болох хүмүүстэй өдөр ирэх тусам адилхан болж, бусад амьтнаа улам бүр дарангуйлж эхэлснээр мөнөөх хувьсгалын эрхэм сайхан зорилго худал хуурмаг болж хувирдаг.


БАГТ ХҮНИЙ НАМАНЧЛАЛ


Японы хамгийн нөлөө бүхий зохиолчдын нэг Юүкио Мишимагийн “Багт хүний наманчлал” романыг энэ оны онцлох уран зохиолын орчуулгын номын нэгээр нэрлэж байна. Түүний “Алтан асрын сүм” роман, “Хурган чихний цэцэг”, “Сонингийн цаасан өлгий” зэрэг өгүүллэгүүдээс өөр бүтээл нь монгол хэлт уншигчдад төдийлөн танил болоогүй байсан билээ.


Монгол хэлээр анх орчуулагдаж буй эл бүтээл олон талаараа төлөвшлийн сонгодог романы шинжийг агуулах бөгөөд гол баатар болох ихийг эргэцүүлж боддог, өршөөлгүй, ил шулуухан зантай Кохан хэмээх би хүүрнэгч хэрхэн том хүн болж, насанд хүрч буй тухайгаа хүүрнэн өгүүлнэ. Ер нь түүний романуудад би хүүрнэгч зонхилдог. Үүнээс гадна Мишимагийн онцлог бол нэгдүгээрт, ялангуяа орчуулагчаас нэн их чадвар шаарддаг адилтгал, зүйрлэл дүүрэн тансаг бичлэг нь юм. Харин хоёрдугаарт Японы болон барууны уламжлалыг уран чадмаг холбон сүлэлдүүлэх чадвар нь байдгаас гадна өөрийн гэх тод онцлог бүхий ертөнцийг үзэх үзэл бөгөөд тэнд гоо үзэсгэлэн, ижил хүйстний хүсэл тачаал, харгислал ямагт салшгүй холбоотой оршдог юм.


Дурдах бүтээлүүд: Альберт Камю “Тахал”, Гарсиа Маркес “Хэсүүлчин 12 өгүүллэг”, Онтадже “Англи өвчтөн”, Солженицын “Тамын диваажинд 1”, Хироми Каваками “Токиогийн жинтэй агаар”.


УРАН ЗОХИОЛЫН БУС ОРЧУУЛГА




ДЭГ ЖУРМЫН ЦААНА


Өнгөрсөн онд Ж.Питермоны “Амьдралын 12 дүрэм – Хоасын эсрэг ерөндөг” ном уншигчдад хүрсэн. Мэдээж экзистенцалист үзэлтнүүд амьдралыг туйлын эмх замбараагүйд оршдог гэж үздэг. Тэгвэл тэр оршихуйд бид туйлын эмх цэгцтэй, дүрэм журамгүйгээр байж болохгүй бөгөөд хэрэв тэгвээс дур хүслийнхээ боол болно гэдгийг дээрх ном сануулдаг. Харин энэ жил хоёрдугаар дэвтэр буюу “Дэг журмын цаана” бүтээл нь дуун хөрвүүлэгдэв. Мэдээж энэ нь “Амьдралын нэмэлт 12 дүрэм”.


Бид зарим зүйлийг мэднэ, заримыг нь мэдэхгүй. Тэгвэл мэдээж мэддэг зүйлээс цааш алхах хэрэгтэй болно. Ингэснээрээ цаг ямагт хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, дэлхийн амьдралд зохицож чадна. Утга учиргүй ихсэх нь тааламжтай бус зүйл ч Питерсон үүнийг бүрэн эсэргүүцээгүй юм. Гол нь бодит байдлын суурь зарчмууд болох эмх цэгч, хаос хоёрын тэнцвэрт байдлын тухай л яриахыг хичээсэн билээ. Тиймээс уншигч та ч мөн уг ярианд нээлттэй оролцож болно.


ФИЛОСОФИЙН АНХНЫ ТҮҮХ


Анхны түүх энэ номноос эхэлж байна. Тэр түүх бидний тухай, мөн бусдын тухай тийм түүх. Уг номын зохиогч Лаэртын Диогений намтрын мэдээлэл тун хомс байдаг. Судлаачид уг номоор нь баримжаалж түүний амьдарч байсан цаг хугацааг тодорхойлдог билээ. Мөн Диогений хэлсэн үгс, Александр хаантай уулзсан тухай яриа зэрэг нь машид алдартай. Уг номыг орчуулагч Б.Гэрлээ дуун хөрвүүлж “Эрдэм ба Гэгээрэл” паблишинг эрхлэн хэвлүүлжээ.


Уг зохиолыг дан ганц эртний Грекийн философийн түүх гэж үзэх нь өрөөсгөл бөгөөд тухайн улс орны хүмүүсийн аж амьдралыг олон талаас нь дүрслэн бичсэнийг харвал түүх соёлын хөгжил, судалгааны чухал бүтээлд тооцогдоно. Монгол хэлний анх хүрч буй тус номыг Европ даяар эртнээс судалж, Флоренцийн платоникууд тэртээ XV зуунд латин хэлнээ орчуулсан байдаг.


ПУТИНИЙ ГАР ХӨЛҮҮД


Кэтрин Бэлтон бол Ройтерс агентлагийн эрэн сурвалжлах сэтгүүлч юм. Тэрээр 2007-2013 онд “Financial Times” сонины “Москвагийн сурвалжлагч”, 2016 онд тус сонины албаны сурвалжлагчаар ажилласан. Бэлтон өмнө нь “Moscow Times” болон “Business Week” хэвлэлд Оросын талаар бичдэг байв.

Путинийг Оросын ард түмэн бий болгосон. Оросын ард түмэн чанга гар хүссэн, түүнийг нь Путинчүүд өгсөн. Гэвч тэд "Чанга гар чанга унагадаг" гэдгийг ойлгоогүй. Монголчууд бид ямар аюулын дэргэд амьдарч буйг ухаарахад үнэхээр тустай бүтээл болсныг онцлох нь зүй. Путиний талаар олон арван ном бий ч энэхүү бүтээл шиг сайн, муу аль алийг нь тод томруунаар илчилсэн нь үгүй юм.


Дурдах бүтээлүүд: Ичиро “Жаргалтай болох зориг”, Райн Холидэй “Эго таны дайсан”, Иоахим Эрнст “Агуу ЖАЗЗ”.


ХҮҮХДИЙН НОМ




НИШИНО “ЯНДАН ХОТЫН ПУПЭЛЬ”


Сэтгэл уярам түүх. Их энгийн гурван үг боловч тус номыг уншсаны дараа эл өгүүлбэр л дотор минь хадгалагдаж үлдсэн байв. Хүүхдийн зохиол, ялангуяа уран зөгнөлт жанрын бүтээлийн ийм энгүүн атлаа, цөөхөн цогцолборт зангидаж олон арван утга санаа тээсэн цогц бүтээл болгожээ. Нэгэнт үйл явдлыг өгүүлчихвэл цааш нуршчихаж магадгүй тул хүүхэдтэй эл бүтээлийг уншуулахыг зөвлөе. Дээр нь гайхалтай график зургууд нь бишрэл төрүүлнэ.


Анд нөхөр, гэр бүл, хайр, дурсамж, эр зориг, итгэлийн тухай эл номд бүгдийг багтаасан буй.


НЕСБИТ “ӨРТӨӨНИЙ ХҮҮХДҮҮД”


Английн хүүхдийн нэрт зохиолч Эдит Несбитын “Өртөөний хүүхдүүд” бүтээлийг “Ножо” хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. Тус номын гол баатрууд бусдын төлөө сэтгэл зүрхээ зориулж, өөрсдийн ахуйг үл тоодог. Энэ нь зөнгөөрөө бий болсон сайхан сэтгэлийн ид шид юм. Зөвхөн хүүхдийн л хэлж мэдэх гэнэн цагаахан үгсийг та уг номоос түүж унших болно. Хүүхдийн сэтгэл хэчнээн эмзэг мэдрэмтгий, хиргүй тунгалаг, уужим хийгээд хүчирхэг гэдгийг ойлгоно. Сайхан сэтгэлээр эхлүүлсэн үйл бүхэн бүтэлгүйтлээс ангид оршиж, эрин үеийнхээ талархлыг хүлээн амьдралыг өөрчилж болдог буюу.


Уг номыг эрхлэн хэвлүүлсэн “Ножо” хэвлэлийн газрын хамт олон ч мөн уг зохиолд дүрслэгддэг шиг сайхан сэтгэлээр “Ид шидийн уут” дүүргэж харанхуйд гэгээ татуулан явдаг билээ.   


Ж.РОУЛИНГ “ХАРРИ ПОТТЕР БА ҮХЛИЙН ШҮТЭЭН”


Мэдээж “Харри Поттер”. Түүнийг мэдэхгүй хүүхэд тун ховор. “Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакц нь хүүхдийн номын чиглэлээр дагнан ажиллаж, хүүхдийг хөгжүүлэх, сонирхлыг нь татах, нас сэтгэхүйд тохирсон олон олон номуудыг эрхлэн гаргасаар байна. Тэд оны сүүлчийн бэлгээ “Харри Поттер ба Үхлийн шүтээн” номоор ийнхүү задлав.


Ер нь зохиол бол амьдралын бодит хуулбар биш. Ямар нэг байдлаар дээгүүр түвшинд бичигдэх ёстой. Магадгүй бодит оршихуйг ямар нэг хэмжээгээр тааруулан урласан байх учиртай байж мэднэ. Уран зохиолын ер бусын шинж чанарыг илүү товойлгон гаргасныг болзолт дүр гэдэг шүү дээ. Поттер яг л тийм дүр бөгөөд түүний хувьд цаг хугацааг эргүүлэх ч чадал байна. Энд л бидний хүүхдүүдийн хүсдэг зүйл, үлгэрийн баатар оршдог юм даа.

 

 

Холбоотой мэдээ