Зөрчлийн хэрэг өнгөрсөн сард 9 хувиар багасжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ноднин улсын хэмжээнд 2 023 146 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс 12-р сарын байдлаар 217 156 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх 11-р сартай харьцуулахад 9 хувиар буурсан үзүүлэлт юм.
Нийт зөрчлийн хэргийн
81.5 хувь нь нийслэлд, 18.5 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99.4 хувийг
Цагдаагийн байгууллага, 0.15 хувийг Мэргэжлийн хяналт, 0.01 хувийг Онцгой
байдал, 0.5 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж
шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд 216 560 хүн, 320 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 8 хувиар цөөрч, хуулийн этгээд 22 хувиар олширчээ. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.1 хувь нь эрэгтэй, 23.9 хувь нь эмэгтэй байгаа бол 66 хувь нь 26-45 насныхан байна.
Мөн 12-р сард үйлдэгдсэн зөрчлийг 11-р сарынхтай харьцуулбал, хулгайн гэмт хэрэг 18 хувиар, хүний биед халдсан гэмт хэрэг 13 хувиар өссөн нь хамгийн өндөр хувьтай байгаа бол, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 7 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах 4 хувиар, хүүхдийн эрх зөрчих хэрэг 2 хувиар тус тус нэмэгджээ.
Харин мөрийтэй тоглоом 57 хувиар, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил өмнөх сарынхаас 49 хувиар, танхайн хэрэг 28 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл 19 хувиар, гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн тохиолдол 13 хувиар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн тохиолдол 6 хувиар, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн тохиолдол 1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна гэж УЕПГ-аас мэдээллээ.