Төмөр замын орон нутгийн мэргэжилтэн бэлтгэнэ

ОРОН НУТАГТ | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2022-01-07 15:34:35
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн 120 залуу төмөр замчин болохоор “Улаанбаатар Төмөр зам”-ын Политехникийн коллежтой танилцаж байна.
Өмнөговь аймаг оны өмнө тус сургуультай хамран ажиллахаар болсон билээ. Үүнийхээ хүрээнд дээрх залуусыг үнэ төлбөргүй сургаж, ажлын байранд бэлтгэн гаргахаар болсон юм. Аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал хэлэхдээ "Төмөр замын орон нутгийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн үйл ажиллагаа эхлээд явж байна. Энэ ажлын хүрээнд аймагтаа төмөр замын анхны мэргэжилтэн болж бэлтгэгдэх оюутан залуусаа “Улаанбаатар Төмөр зам”-ын Политехникийн коллеж дээр очиж сургалтын үйл ажиллагаатай танилцах, Төмөр замын эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт хамруулах юм" гэлээ. Энэхүү ажлыг Өмнөговь аймгийн ЗДТГ, ХХҮГ, Политехникийн коллеж хамтран зохион байгуулж байгаа аж. Залуус нутгаасаа явахаасаа өмнө хөдөлмөр аюулгүй байдлын болон цар тахлаас урьдчилан сэргийлэх хоёр хоногийн сургалтад хамрагдсан байна.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байгаа юм. Уг төмөр зам ашиглалтад орсноор жилд 20-50 сая тонн нүүрс тээвэрлэж, одоогийн авто замаар тээвэрлэж буй нүүрс тээврийн зардал 40 ам.доллароос 8 ам.доллар болж, тонн тутамд 4 дахин буурах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж. Энэхүү төмөр замд ажиллах ажилтнуудыг ийнхүү орон нутгаасаа бэлтгэх ажил эхлээд байна.
Холбоотой мэдээ