"Хүүхэд бүрд тэгш боломж-ЭЕШ 2022" төслийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-10 10:45:46
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга М.Батжаргалын санаачилгаар энэ онд “Хүүхэд бүрд тэгш боломж-ЭЕШ 2022” төсөл хэрэгжихээр боллоо. Төслийг Олон улс судлалын доктор, Шинэ Монгол сургуулийн гүйцэтгэх захирал асан П.Наранбаярын ахалсан “Сайн сургуулийг таны дэргэд” НҮТББ хэрэгжүүлэх аж. Доктор П.Наранбаяр тэргүүтэй ажлын хэсэг Архангай аймгийн ахлах сургуулиудын захирал, менежерүүдтэй уулзаж, төслийн зорилго, хүрэх үр дүнгийн талаар мэдээлэл хийжээ.
Архангай аймаг сүүлийн жилүүдэд ЭЕШ-ын дүнгээр улсын хэмжээнд хангалтгүй дүн үзүүлээд байгаа. Төсөл хэрэгжсэнээр ЭЕШ-ын дүн улсын дунджид, тодруулбал 550 оноонд хүрэх юм. Засаг дарга “Цахим боловсрол” хөтөлбөрийн хүрээнд сургууль бүрд Moodle цахим системийг нэвтрүүлэхээр болсон. Түүнчлэн Олон улсын төсөл хөтөлбөрүүд нутгийн зөвлөлүүд, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллагуудтай хэлцэл хийж, сургууль тус бүрд 30 таблет, смарт дэлгэц, сурагчийн ширээ сандал бүхий “ухаалаг танхим”-ыг тохижуулнэ гэв.
“Хүүхэд бүрд тэгш боломж-ЭЕШ 2022” төсөл 2 дугаар сарын 7-ны өдрөөс 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл дөрвөн сарын хугацаатай хэрэгжих юм. Төсөл хэрэгжүүлэх багт Шинэ Монгол, Орчлон, Хобби, Монгол тэмүүлэл, Нест, 33-р сургууль, 1-р сургуулийн тэргүүлэх багш нар багтжээ. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бодлого, арга зүй, зохион байгуулалтын дэмжлэгийг аймгийн Засаг даргын зөвлөх, аймгийн Засаг дарга асан, доктор Д.Бат-Эрдэнэ хариуцах аж.
Олон улс судлалын доктор П.Наранбаяр хэлэхдээ, "Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалтай 20 орчим хоногийн өмнө уулзаж, санал солилцсон. Уулзалт яриа ажил хэргийн түвшинд болж гэрээ байгуулж байгаад баяртай байна. Залуу дарга Архангай аймгийнхаа хүүхэд залууст өөриймсөг, чин сэтгэлээр хандаж, энэхүү ажлыг эхлүүлж байна. Бид Архангай аймагт хэрэгжүүлэх төсөлдөө бүх анхаарлаа хандуулж, хариуцлагатай байх зорилгоор өмнө нь хийж байсан үндсэн ажлуудаа хойшлуулсан. Архангай аймаг ЭЕШ-аараа улсдаа эхний тавд орох боломж, нөөц байгаа. Хамтдаа хичээцгээе!" хэмээн уриаллаа.
Холбоотой мэдээ