“Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-10 16:42:12

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн сарын хугацаанд “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” аяныг эхлүүлж байна.

Тус аяны хүрээнд орчны аюулгүй байдлыг хангуулах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, сурталчилгаа зохион байгуулах, аливаад хянамгай хандах зан төлөвийг суулгах чиглэлээр хүүхэд багачууд, иргэн,ААНБ-уудыг хамруулах аж. Мөн гэр орон, гудамж талбай, ажлын байранд хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэн бэртэж гэмтэх, ахуйн осол гэмтэл болон хүчирхийллээс үүдэлтэй гэмтлийн тохиолдлын тоог бууруулах зорилготой ажээ. Аянд аймгийн ЗДТГ, Дархан сумын ЗДТГ, ОБГ, ЗЦТ, МХГ, ГБХЗХГ, ЭМГ хамтран оролцох аж.

Манай аймгийн хэмжээнд 2021 онд осол, гэмтлийн шалтгаант өвчлөл нийт 1857 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс хүүхдийн өвчлөлийн 444 тохиолдол үүний 125 нь унаж бэртсэн, 69 тохиолдол нь түлэгдэлт ажээ.

Ташрамд Монгол Улсын Засгийн газрын 224 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн 1 дүгээр сарыг Осол гэмтэлтэй тэмцэх сар болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүний хүрээнд аймгийн хэмжээнд Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүлж байна.

Холбоотой мэдээ