Цагаан олимпын түүхэн замнал - "Санкт-Мориц-1928"

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-01-11 09:05:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадам эхлэхэд 24 хоног үлдээд байгаатай холбогдуулан Цагаан олимпын түүхэн замналыг спорт сонирхогчдод МҮОХ-ноос цувралаар хүргэж байна.

                            

Бельги улсын Шамонид болсон анхны цагаан олимп “Олон улсын өвлийн спортын долоо хоног” нэрийн дор зохион байгуулсан бол 4 жилийн дараа Швейцарьт болсон “Санкт-Мориц-1928” II наадмаас эхлэн албан ёсоор өвлийн олимп хэмээн нэрших болжээ.


Швейцарьт болсон өвлийн олимпын II наадамд Европ тивийнхэн түлхүү оролцсон нь мэдээж. Бусад тивүүдээс АНУ, Канад, Аргентин, Мексик, Японы багууд хүрэлцэн ирсэн юм. Энэ удаагийн өвлийн олимпын наадмын төрөлд скелетоны төрөл нэмэгдэн орсон бөгөөд 25 орны 464 тамирчин /үүнээс 26 нь эмэгтэй/ зургаан спортын 14 төрөлд 14 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.


                                                Сонирхолтой баримтууд


Скелетоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хурд сорьсон Америкийн Женнисон Хитон “Санкт Мориц-1928” олимпын анхны алтан медалийг хүртсэн бөгөөд дараа нь таван хүнтэй бобслейн төрөлд мөнгөн медаль зүүсэн юм.


Багийн дүнгээр өмнөх олимпын адил норвегичууд өнгөллөө. Өмнө нь алтынхаа тоогоор Финландтай тэнцэж, мөнгөн медалийн чанараар илүүрхэж байсан тэд энэ удаа хол тасархай түрүүлсэн юм. Норвегичууд Санкт Морицод 25 тамирчны бүрэлдэхүүнтэй ирж, зургаан алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медальтай эх орондоо буцаж байжээ.




Энэ удаагийн олимпоос 12 орон медаль авсан нь “Шамони 1924” анхны наадмаас хоёр орон нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийт медалийн 58.5 хувь буюу 24-ийг нь Скандинавын хойгийн гурван улс болох Норвеги, Швед, Финланд хүртэж, өвлийн спортын төрөлд аргагүй сайн гэдгээ нотлон харуулсан. Тус бүр хоёр алтан медаль эх орондоо авчирсан Финландын Клас Тунберг, Норвегийн Юхан Греттумсброттен нар энэхүү олимпын гол баатрууд байв.


Финланд залуугийн хувьд Шамонигаас гурван алттай ирсэн бол энэ удаа хоёрыг нэмж, өвлийн олимпын таван алтан медальтай болжээ. Түүнчлэн Норвегийн Бернд Эвенсен гүйлтийн тэшүүрийн бүх төрөлд /500, 1500, 5000 метр/ медаль зүүж, нэгэн өвөрмөц амжилтын эзэн болов. Уг нь 10000 метрийн уралдаан болох байсан ч мөс хайлсны улмаас цуцлагджээ.



Норвегийн уран гулгагч Соня Хени анхны алтан медалиа Швейцарын талбайгаас авсан. Тэрбээр нээлтийн өдөр 15 нас, 316 хоногтой байсан бөгөөд хамгийн залуу олимпын аварга гэсэн рекордыг олон жилийн турш эзэмшсэн юм. Сүүлд 1998 оны Наганогийн олимпод Америкийн Тара Липински түүний рекордыг /олимп эхлэх үед Тара 15 нас, 242 хоногтой байжээ/ эвдсэн түүхтэй.


Зохион байгуулагч швейцарчууд хамгийн нүсэр буюу 44 тамирчинтай оролцсон ч хоккейгоор ганц хүрэл медаль хүртжээ. Энэ нь тус улсын түүхэнд хамгийн тааруу оролцсон өвлийн олимп болсон байна.



Хоккейн тэмцээнд урьдын адил Канадын шигшээ илт давуу түрүүллээ. Торонтогийн их сургуулийн тус баг гурван тоглолт дараалан хожихдоо нэг ч шайб алдаагүйн дээр өрсөлдөгчийнхөө хаалганд 38 гоол хийсэн юм. Тэмцээний мэргэн буучаар Канадын довтлогч Давид Троттье 15 оноотой /12+3/ тодорсон байна.


Медаль авсан орнууд


Улс                        Алт  Мөнгө   Хүрэл     Нийт


1.Норвеги             6         4            5            15


2.АНУ                    2         2            2            6


3.Швед                  2         2            1            5


4.Финланд             2        1             1            4


5-6.Канад              1         -             -             1


5-6.Франц             1         -             -            1


7.Австри                -         3             1           4


8-12.Бельги           -         -              1           1


8-12.Их Британи   -         -              1           1


8-12.Герман          -         -              1           1


8-12.Чехословак   -         -              1           1


8-12.Швейцар       -         -              1           1


Нийт                      14      12           15         41



Холбоотой мэдээ