Аймгийн хэмжээнд 1,7 тн эрт ургацын ногоо хурааж авав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн нийт нутгаар энэ жил хур бороо элбэгтэй зуншлага сайхан байна. Тариаланчид маань эрт ургацын ногоогоо хэдийн хурааж эхэлжээ.
Энэ жил Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт 17000 га талбайд тариалалт хийснээс 8955 га талбайд улаан буудай, 5154 га талбайд тосны ургамал 2020 га талбайд тэжээлийн ургамал, рафс, 60 га талбайд төмс, хүнсний ногоо 30 га талбайд тариалжээ.
Харин эрт ургацын хувьд одоогоор 1,7 тн орчмыг хурааж авчээ. Хүнс хөдөө аж ахуйн газрын газар тариалан эрхэлсэн мэргэжилтэн Д. Хадбаатар хэлэхдээ: Энэ жил хур бороо сайн байгаа тул өмнөх жилүүдийг бодвол ургац арвин авах төлөвтэй байна. Бид наадмын дараа тандалт судалгаа хийж энэ жил хэр их хэмжээний ургац хураан авах эсэхээ тодорхой болгоно гэлээ.
Тариалалт хийж буй сумдын хувьд Түмэнцогт суманд 500 га талбайд улаан буудай, 400 га талбайд овъёос. Харин Сүхбаатар суманд 50 га д улаан буудай, 200 га талбайд овъёос, 400 га талбайд рафс, Мөнххаан суманд 900 га талбайд улаан буудай, 100 га талбайд овъёос тариалсан бол хамгийн их буюу Эрдэнэцагаан суманд 1000 га талбайд улаанбуудай, 200 га талбайд овъёос, 500 га талбайд рафс тариалж байна.
Т. Одончимэг