В.Путиний эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг танилцуулжээ

ДЭЛХИЙД | Улс төр
Jargal.d@montsame.mn
2022-01-13 09:49:06

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Украины байдал хурцадсан тохиолдолд ОХУ болон тус улсын Ерөнхийлөгч Владимир Путиний эсрэг авах шинэ хориг арга хэмжээний тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхимын олон улсын харилцааны хорооны дарга Роберт Менендес тэргүүтэй 25 гишүүн танилцуулжээ. 


Тус хорооны цахим хуудсанд дурдсанаар, уг баримт бичгийг “Украины тусгаар тогтнолыг хамгаалах тухай хууль” гэж нэрлэсэн байна.


“Ерөнхийлөгч Путин, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга, командлагч нар зэрэг албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авах шаардлагатай байна” гэж хуулийн төсөлд дурджээ.


Үүнээс гадна, сенатчид ОХУ-ын анхдагч болон хоёрдогч өртэй холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох, түүнчлэн санал болгож буй санхүүгийн байгууллагуудаас дор хаяж гуравт нь хязгаарлалт тавихыг санал болгосон байна. Эдгээр нь Сбербанк, ВТБ, Газпромбанк, ВЭБ.РФ, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан, Москвагийн зээлийн банк, Альфа-банк, Россельхозбанк, "ФК Открытие", Промсвязьбанк, Совкомбанк, Транскапиталбанк зэрэг банкууд юм.


Өөр нэг заалтад “санхүүгийн мэдээлэл солилцох тусгай үйлчилгээ үзүүлэгчдэд (жишээлбэл, SWIFT)” хориг арга хэмжээ авахыг санал болгожээ. 


Төсөлд мөн байдал дордсон тохиолдолд 2022 оны санхүүгийн жилд Киевт 500 сая ам.долларын яаралтай тусламжийг нэмж олгохоор тусгасан байна.


Энэхүү хуулийн төсөл нь Украины эргэн тойрон дахь байдал хурцадвал Оросын эдийн засгийг "сүйрүүлэх үр дагаварт хүргэхэд" АНУ бэлэн байгаа тухай "тодорхой дохиог илгээнэ” гэж хорооны цахим хуудсанд цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ