МУСГЗ Д.Дашдондов: "Алс дэргэд" ном минь сонетийн бүх хэлбэрийг багтаасан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-14 12:56:05
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Дамбийн Дашдондовтой ярилцлаа.

-Цар тахлаас үүдээд соёл, урлагийн олон ч үйл ажиллагаа зогслоо. Сайхан бүтээл үзэж сэтгэл оюун цэнгүүлэхсэн гэж бодох юм. Хүнд соёлын хэрэгцээ маш чухал байдгийг ковидын хөл хорио ч харууллаа. Соёл урлаг бол хувь хүний гэлтгүй улс орны ч дархлаа, хөгжил юм даа. 

-Тийм шүү. Улс орон хөгжих үү, оршин тогтнох уу гэдэг асуудал бол үндэсний дархлаанаас их хамаардаг. Тэр үндэсний дархлаа гэдэг нь соёл, урлаг, түүхээр дамжиж үлддэг. Тэгэхээр улс орныхоо түүх, соёлын дархлааг бий болгоход соёл урлагийн үйл ажиллагаа, тэр дундаа зохиолч хүмүүсийн бүтээл, туурвил их чухал байдаг гэж боддог. Энэ үүднээс зохиолч бид улсынхаа, үндэснийхээ соёл урлагийг хөгжүүлэх, ард түмний сэтгэлгээ, оюун бодлыг гэрэл гэгээтэй, сайн сайхан болгох, эх орноо хайрлахад бага ч гэсэн нэмэр болох үүднээс бүтээл туурвилаа хийдэг. Манай Монгол Улсын соёл урлаг дэлхийн түвшинд нэлээн өндөрт орох эртний соёлтой. Азийн таван номт улсын нэг гэж ярьдаг. Ийм орны зохиолчийн хувьд уран бүтээлээ аль болох чанартай туурвих, орчин үеийн дэлхийн чиг хандлагыг баримжаа болгож, дорнын болон өрнийн уран зохиолыг аль алиныг анхаарч бүтээл босгох нь чухал байдаг.

-Сүүлийн үед та ямар уран бүтээл туурвив?

-Би 2018 онд "Сэтгэлийн урлан" шүлгийн ном, 2019 онд "Зохист гүн" эрхин сонетийн ном, 2021 онд "Алс дэргэд" сонетийн номоо хэвлүүлсэн. Оны шилдэг бүтээлийн "Алтан өд" шалгаруулалтад яруу найргийн номын төрөлд "Сэтгэлийн урлан" 2018 оны шилдэг 3-т, "Зохист гүн" 2019 оны шилдэг буюу "Алтан өд" шагнал хүртсэнд баяртай явдаг. "Зохист гүн" ном эрхин сонетуудаар дагнан бүтсэнээрээ Монголын яруу найрагт шинэлэг болсон гэж үздэг. Учир нь эрхин сонет бичсэн хүн Монголд хуруу дарам шүү дээ. Тэгээд ч эрхин сонетуудаар дагнан гарсан ном гараагүй байсан. Сонетийн хамгийн ярвигтай хэлбэр нь эрхин сонет л доо. "Алс дэргэд" ном минь сонетийн бүх хэлбэрийг багтааж сонетоор дагнасан ном тул мөн л Монголдоо анхны тохиол юм. Сонет, бүл сонет, хэлхээ сонет, эрхин сонет гээд бүх хэлбэрийг багтаасан. Мөн итали загвар, англи загвар гэж буй. Шинэлэг тал нь эдгээрээс гадна урвуу сонет болон бусад боломжит хувилбаруудыг туршсан. Энэ бүхнийг багтааж сонетийн хэлбэрүүдээр дагнаж гаргасны хувьд Монголын яруу найрагт бас анхдагч бүтээл юм даа. Одоо яруу найргийн, өгүүллэгийн ном бэлтгэж байна. Сонетоо ч үргэлжлүүлж байгаа. "Алс дэргэд" номыг минь ивээн тэтгэж хэвлүүлж өгсөн Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамбын Батлутад их баярласан.

-Сонетийн хэлбэр, онцлогийг та тайлбарлаач?

-Сонет бол орхих, мартахын аргагүй, дэлхий дахинаа сонгодог хэв шинжээ олсон шүлгийн онцгой хэлбэр юм. Анх Италийн яруу найрагч Франческо Пэтрарка /1304-1374 он/ сонет хэмээх шүлгийн хэлбэрийг бий болгосон. Бадгийн мөрийн тоо нь 4+4+6 болон 4+4+3+3 хэлбэрийн 14 мөрт шүлэг бөгөөд Итали загварын сонет гэж алдаршжээ. Хожим Английн суут жүжгийн зохиолч, яруу найрагч У.Шекспир 4+4+4+2 хэлбэрийг бий болгосон нь  англи загварын гэгдэх болж тэрээр ийм 154 сонет бичсэн гэдэг. Тэр цагаас хойш дэлхий дахины яруу найрагчид сонетод шимтэн дурлах болж сэтгэмж, бодрол, бясалгалын өнгө аястай болгон дэлгэрүүлсэн түүхтэй. 

 -Эрдэнэтийнхнийг өөрийн өвөрмөц соёл, хэв маягтай гэж ярьдаг. Таны хувьд үүнийг юу гэж хардаг вэ?

-Эрдэнэт хэзээнээсээ цэвэр цэмцгэр хот. Соёл нь гудамж талбайгаасаа л шууд харагдана. Соёлыг түгээгч зохиолчид нь ч өвөрмөц, олон талтай. Хүүхдийн зохиолч, роман туурвигч, жүжгийн зохиолч, орчуулагч, яруу найрагч гээд өөр өөрийн өнгө төрхөө олсон. Яруу найрагчид гэхэд л туульсын, иргэний уянгын, буддист, сэтгэлгээний, модернист маягийн гэх мэт янз бүрийн урсгалаар бичдэгээрээ онцлог.

-Та чинь Эрдэнэтийн анхдагчдын нэг байх аа. Анх хэзээ ирж байв?

- Би МУИС- ийг 1975 онд төгсөж Эрдэнэтийн сургуульд багшлах томилолт аван 7-р сарын 1- нд Д.Загд ахындаа ирж билээ. Тэгэхэд Эрдэнэтэд ганцхан байшин байхыг харж миний ажиллах сургууль уу гэтэл ах "Тэр биш ээ орос сургууль, танай сургууль тэнд баригдаж байна гээд заав. Харвал 2 барилгын суурь тавигдаж ганц хоёр үе өрлөг хийгдээд, дээр нь хүмүүс яралзтал ажиллаж байж билээ. Тэр үед Тосгон болон Говилд хэдэн дан байшин байсан. Эрдэнэт тэгэхэд Булганы харьяанд байсан тул намайг Булганы Боловсролын хэлтэс Хангал сумын малчдаас тоо, монгол хэлний шалгалт авч тэнцсэнийг нь бага боловсролын үнэмлэхтэй болгох даалгавар өгч илгээв. Хөдөө өргөн айлсалт хэсэж шалгалт авч яваад ирж билээ. Нэлээд малчин бага боловсролын үнэмлэхтэй болсон байх аа. Сургуулийн барилгын 1-р блок баригдаж 9-р сарын 1-нд хичээл орох гэтэл будаг нойтон тул гадаа зүлгэн дээр хичээллэж байлаа. Эрдэнэтийн 10 жилийн 1-р сургууль тэгэхэд одоогийн 8-р сургуулийн байранд байсан юм. Тосгонд бага сургууль, хороололд гэр сургууль буй болж байлаа. Би Эрдэнэтийн боловсролын байгууллагад физикийн багш, хичээл эрхлэгч, захирал, Сургалт заах аргын кабинетийн эрхлэгч зэргээр 15 жил зүтгээд дараа нь "Эрдэнэт" сонины эрхлэгч, Эрдэнэт үйлдвэрийн Тооцон бодох цехэд боловсон хүчин, "Уурхайчин" соёлын ордны захирал зэрэг алба хашсан. Яривал зөндөө л дурсамж байх аж.

-Таныг Уурхайчин соёлын ордны дарга байхад маш сайхан сайхан уран бүтээлүүд тоглогддог байсан санагддаг. Хүний сэтгэл, оюуныг цэнгүүлнэ гэдэг маш том хөрөнгө оруулалт юмуу даа.

-"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын "Уурхайчин" соёл урлагийн цогцолборын дэргэд Дуу бүжгийн "Эрдэнэт" чуулга ажилладаг шүү дээ. Би 2007 оны эхнээс 4 жил захирал, менежерээр нь ажилласан. Зохиолч хүний хувьд чуулгынхаа уран бүтээлийн түвшинг ахиулах, урын санг нь баяжуулах зорилт тавьсан л даа. Манай чуулга 7 дуучин, 5 хос бүжигчин, үндэсний 10 хөгжимчинтэй авсаархан байгууллага болохоор өөрсдийн боломжид таарах бүтээл тавих шаардлага тулгарсан. Уран бүтээлчдээ мэдэхийн хувьд ямар бүтээл байвал дээр вэ гэдгийг найруулагчтайгаа зөвлөлдөж шинэлэг бүтээл гаргая гэж зориглосноор 2007 онд "Есүхэй", 2010 онд "Ану хатан" фольк дууриуд тайзанд тавигдсан. Эдгээр бүтээлийн хөгжмийн зохиолчоор Б,Цэрэндондов, найруулагчаар Д.Одончимэг ажилласан.

Монголд фольк дуурь хэмээх шинэлэг хэлбэр буй болгосондоо бид баяртай байдаг. Манай Эрдэнэт үйлдвэр чадварлаг олон сайхан уран сайханчидтай. Тэднийгээ олны хэсэгт тоглуулаад, бас ч авьяас чадварыг нь нээж, хөгжүүлээд тал бүрийн ач холбогдолтой байсан. Манай "Бөртэ хатан" хөгжимт драмыг үзсэн үзэгчид "Монголын нууц товчоо" зохиолыг унших дуртай, сонирхолтой болсон гэлцэж байсан. Зохиолуудыг нь хүний гар харахгүй өөрөө бичиж байсан болохоор амар байв. Мөн 2007 онд хүүхдэд зориулсан "Эрх гүнж" дуулалт жүжгийн зохиол бичиж Б.Нарантуяа хөгжмийн зохиолыг нь бичиж тайзнаа амилуулж байлаа.  Сайхан бүтээл болж билээ. Яриад байвал сайхан, сайхан дурсамж олон бий.

-Эрдэнэт хотын 35 жилийн ойгоор Эрдэнэт их урлаг гээд томоохон үйл ажиллагаа болж байсан. Үүнийг үргэлжүүлэх юм сан гэж боддог шүү.

-2007, 2008 онд бид Монголын Урлагийн ажилтны холбоотой хамтран "Эрдэнэт-Их урлаг" 2 жилийн хөтөлбөр боловсруулж орон нутагт анх удаа Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын эрдмийн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Улсын филармони, Морин хуурын чуулга, Баян монгол чуулга, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолтуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь орон нутагт анх удаа зохион байгуулж их урлагаар Эрдэнэтийнхнээ цэнгүүлсэндээ баяртай байдаг. Бас анх удаа хөдөө орон нутагт "Болор цом-25", Цэнгээнт бүжгийн "Хаврын баяр" улсын уралдаан, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний гоцлол хөгжимчдийн анхдугаар уралдааныг зохион байгуулж билээ. Орон нутагт анх удаа уран зургийн галерейг байгуулсан гээд ёстой л урлаг соёлоор халгиж цалгисан 4 жил байлаа.

-Та бол Эрдэнэт хотын түүхийг мэдэх хүмүүсийн нэг. Томоохон бүтээн байгуулалтууд, хотын хөгжил цэцэглэлтэд гар бие оролцсон хүний хувьд эдгээр түүхэн үйл явдлаар зохиол бүтээл, жүжиг хийх санаа бий юу?

- Эрдэнэтийн сэдэвтэй кино зохиол бичээч гэсэн урилга ирж байсан. Би шамдаагүй ээ. 2004 онд тайзанд тавигдсан "Үхэхэд нүгэл цайдаг" жүжиг минь "Эрдэнэт" үйлдвэрийн сэдэвтэй л дээ. "Эрдэнэт уулын домог" нэртэй бүжгэн жүжгийн цомнол бичиж Дуу бүжгийн "Эрдэнэт" чуулгад өгсөн. Цар тахал гээд бүтээл болгож тавиагүй л байна. Уг нь бүжгийн багш нь захиалж бичүүлж байсан.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

Холбоотой мэдээ