Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргаар “Халиун-Уул” ХХК-ийн захирал Г.Бямбаа сонгогдов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭӨнөөдөр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан аймгийн төв Сүхбаатар хотноо аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд боллоо.
Анхдугаар хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал ёсоор нэгдүгээрт аймгийн ИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, энгэрийн тэмдэгийг гардуулан өглөө. Хоёрдугаар асуудлаар анхдугаар хуралдааны дэгийн төслийг хэлэлцэн батлав. Хуралдааны гурав дахь асуудал болох аймгийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэн Г.Бямбааг аймгийн ИТХ-ын даргаар санал нэгтэй сонголоо. Г.Бямбаа нь 1959 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн байна. Улс төр судлаач, эдийн засагч мэргэжилтэй аж. Тэрээр 2004-2008 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2008-2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2012-2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, 2016 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдон ажиллаж байгаа юм. Г.Бямбаа нь 1981-1994 онуудад Сэлэнгэ аймгийн бөөний худалдааны баазад нярав, 1984-1988 онуудад Сүхбаатар хотын Худалдаа бэлтгэлийн трестэд орлогч даргааар ажиллаж байгаад 1993 оноос өнөөдрийг хүртэл “Халиун-УУл” ХХК-ийн захирлын албыг хашиж байгаа юм. Тэрээр энэ өдөр МАН-ын гишүүдийнхээ болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ийнхүү аймгийн ИТХ-ын даргын тамгыг хүлээн авлаа. Цаашид хариуцлагатай, хоёргүй үнэнч сэтгэлээр шударгаар зүтгэхээ тэрээр амаллаа.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг