УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганыг маргааш хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-01-17 07:23:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганыг маргааш буюу энэ сарын 18-нд хаана.

Монгол Улсын Үндсэн хуульд ноднин 11 дүгээр сард оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй өдөр чуулахаар заасан. Энэ дагуу УИХ-ын намрын ээлжит чуулган жил бүрийн 10 дугаар сарын 1-нд, хаврын чуулган 3 дугаар сарын 15-нд эхэлж буй юм.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн энэ сарын 14-ний хурлаар 2021 оны намрын ээлжит чуулганыг маргааш хаахаар шийдвэрлэсэн байна.

УИХ-ын нэгдсэн чуулганы маргаашийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт:

· “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 5 гишүүн 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/

·  “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хаалт

Холбоотой мэдээ