Дархан-Уул аймгийн Засаг даргад С.Насанбат дахин дэвшлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-07-20 00:41:28

Монгол Улсын Их хурлын болон аймгийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон Дархан-Уул аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан болов.

14 цагт эхлэх товтой байсан анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэй цагтаа  эхэлсэн юм. Хуульд заасны дагуу тухайн хуралд сонгогдсон төлөөлөгчдийн хамгийн ахмад төлөөлөгч П. Юра хуралдааныг нээн, даргалан  явуулж, харин нарийн бичгийн даргаар Б.Буяндүүрэн ажиллалаа. Анхдугаар хуралдааны эхэнд нь аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ч.Энхбат “Аймгийн ИТХ-ын  сонгуулийн дүнгийн тухай болон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай” мэдээлэл хийлээ. Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн ИТХ-ын даргаар Г.Эрдэнэбат сонголоо. Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд сонгогдсон төлөөлөгчдийнхөө бүрэн эрхийг баталгаажуулж, энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь гардуулсан юм. Харин аймгийн Засаг даргад МАН-ын хорооноос С.Насанбатыг, хуралдааны танхимаас Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалыг нэр дэвшүүлж  нууц санал хураалтын үр дүнг үндэслэн, 17 төлөөлөгчийн буюу 51 хувийн санал авсан С.Насанбатыг аймгийн Засаг даргаар баталж Монгол улсын Ерөнхий сайдад уламжиллаа. Тэрбээр өөрт нь итгэл хүлээлгэсэн төлөөлөгч нарт талархалаа илэрхийлээд, Дархан-Уул аймгийн цаашдын хөгжил цэцэглэлт, иргэдийн амжиргааг дээшлүүлэх, тогтворжуулахын төлөө ажиллаж МАН-ын “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” мөрийн хөтөлбөрийн зорилт бүрийг ажил хэрэг болгохын төлөө ажиллана хэмээн онцлов. Мөн хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг 11 хүний бүрэлдхүүнтэй байхаар тогтож төлөөлөгч Г.Эрдэнэбат, Б.Батболд, А.Янжмаа, Ч.Цэндсүрэн, Б.Буяндүүрэн, Б.Хадбаатар, М.Жаргалсайхан, Д.Гантуул, Г.Алтантуяа, Г.Эрдэнэсүх, Д.Батжаргал нар сонгогдлоо. Аймгийн ИТХ-д сонгогдсон Төлөөлөгчдийн 28 нь буюу 84,9 хувь нь эрэгтэй, 5 буюу 15,1 хувь нь эмэгтэй, хамгийн ахмад нь 64 настай, хамгийн залуу нь 31 настай бүгд тухайн аймгийн оршин суугчид байна. Үүний 24 буюу 72,8 хувь нь анх удаа төлөөлөгчөөр сонгогдож байгаа бол 9 буюу 27,2 хувь нь өмнө нь төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай хүмүүс юм. Нийт төлөөлөгчдийн суудлын тоогоор тооцвол МАН-аас 25, Ардчилсан намаас 5, бие даагч 3. Боловсролын байдлаар авч үзвэл эрх зүйч хоёр, эдийн засагч, бизнес удирдлага 13, Төрийн захиргаа, нутгийн удирдлага нэг, инженер 10, эмч хоёр, багш хоёр, архитектор нэг, компьютер программ хангамж нэг, агрономич мэргэжилтэй төлөөлөгчдөөс шинэ Иргэдийн Төлөөлөгчдийн хурал бүрджээ. Тус аймгийн наадам 18-ндаа сурын хасаа харваа, дааганы уралдаанаар эхэлсэн бол 19-нд 11 цагт Дархан хотын төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт болж дараа нь 14 цагаас аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болсон нь энэ юм.

                                                                                                                                                   Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ