Гэрийн эмчилгээнд шинээр 236 хүн нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-17 19:47:38

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 189 тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 21640 боллоо. Батлагдсан дээрх тохиолдлын хамгийн их буюу 65 нь аймгийн төв Сүхбаатар суманд, 38 нь Мандал зэрэг томоохон суманд гарчээ. Харин жижиг сумдаас хамгийн их халдвар илэрч буй сум бол Сант 12, Алтанбулагт 11 тус тус байна.

Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 10 тохиолдол эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжжсэн бол гэрээр, өрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс 72 хүн эдгэрсэн байна.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн гурван эмнэлгийн ковидын 8 тасагт 218 батлагдсан тохиолдол эмчилгээ хяналтад байна. Мөн энэ хугацаанд эмнэлэгт 15 тохиолдол нэмж хэвтжээ. Харин гэрийн эмчилгээнд 20 сум, тосгонд 1902 тохиолдол өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байна. Гэрийн эмчилгээнд шинээр 236 тохиолдол нэмэгджээ. Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлоос жирэмсэн 21, 17 хүртэлх насны хүүхэд 19, хүнд 3, хүндэвтэр 104, хөнгөн 111 тохиолдол эмчлүүлж байна гэж Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Тандалтын албанаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ