ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх асуудал хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-01 18:30:09

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаа өнөөдөр үдээс хойш хийлээ.

Хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга А.Бакей энэ өдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, Ажлын хэсэг байгуулах тухай гэсэн гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулсан юм.

Ингэхэд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцээс эцсийн шийдвэр гарах хүртэл Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хойшлуулах горимын санал гаргасан. Горимын саналтай холбогдуулан санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь саналыг дэмжив.

Үүгээр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх тухай асуудлын хэлэлцүүлэг хойшиллоо.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд