Ж.Адилбаев: Улсын комисс шуурхай ажиллаж Казахстан хэвийн байдалд шилжсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-18 14:10:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстан улсын хууль, хүчний байгууллага тайван жагсагчдын эсрэг биш, террорист этгээдүүдийг тодорхойлохоор ажиллаж буйг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Адилбаев сэтгүүлчидтэй өнөөдөр уулзахдаа мэдээлэв.  


Урт хугацаанд бэлтгэгдсэн гэмт бүлэглэл тус улсад болсон тайван жагсаалыг ашиглаж стратегийн обьектуудыг сүйтгэх ажиллагаа явуулсан гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гараад буйг тэрбээр тодотгож байв. Тэрбээр, “Жагсагчид анхандаа Засгийн газрыг огцрохыг шаардсан. Тухайн үед төр засгаас шуурхай арга хэмжээ авч Засгийн газрыг огцруулсан. Гэвч зэвсэгт этгээдүүд шаардлагын хариуг хүлээн авалгүй Казахстан улсын стратегийн обьектууд руу халдаж эхэлсэн. Нийт таван мянга гаруй обьектод халдахын зэрэгцээ нисэх онгоцны буудлыг ч эзлэхийг завдсан. Улсын комисс шуурхай арга хэмжээ хэрэгжүүлснээр одоо хэвийн байдалд шилжсэн” хэмээн танилцуулав.


Түүнчлэн тэрбээр мэдээлэлдээ, “Хэрэв тайван жагсах байсан бол стратегийн обьект, төрийн байгууллага руу халдах, хууль хүчний байгууллагын алба хаагчдыг хэрцгийгээр зодох шаардлага байхгүй. Анх тайван жагсаалыг эхлүүлсэн Жанаозен хотын иргэд Засгийн газар шаардлагыг нь хүлээн авсан даруй гэр гэртээ харьцгаасан. Гэвч улсын стратегийн обьектууд байрладаг томоохон хотуудад нэгэн зэрэг үймээн эхэлсэн бөгөөд жагсагчдад хоол хүнс, зэвсгээр хангах зэрэг үйл явц видео бичлэгээс ажиглагдаж байгаа нь гэмт этгээдүүд урьдчилан бэлтгэгдсэн байсан гэх дүгнэлтэд хүргэж байгаа”-г тодотголоо.  


“Энэхүү гэнэтийн явдлын эсрэг хууль сахиулагчид бүх чадлаараа ажилласан. Ерөнхийлөгч Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад хүсэлт гаргаж, стратегийн обектуудыг хамгаалуулахаар болсон” гэдгийг ч онцлов. Тус байгууллагын гишүүн таван орны энхийг сахиулагчид стратегийн обьектуудыг хамгаалсан бөгөөд үүргээ биелүүлмэгц үе шаттай нутаг буцааж байгаа аж. Хамгийн сүүлийн энхийг сахиулагчид энэ сарын 19-нд тус улсаас нутаг буцахаар болжээ.


Казахстан улсын Прокурорын байгууллагын мэдээгээр, бослого үймээний улмаас 4578 хүн хохирсны дотор 4353 нь гэмтэж бэртжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн 78 хувь нь буюу 3393 нь хууль сахиулах байгууллагын ажилчид байна. Энэ сарын 1-17-ны хооронд нийт 225 хүн амиа алдсаны 19 нь цагдаа, цэргийн алба хаагч байгаа аж.


Тус улс дипломат төлөөлөгчийн газруудыг хамгаалах олон улсад хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд харилцаа холбоо, агаарын тээвэр, төмөр зам хэвийн ажиллаж эхэлснийг Элчин сайд мэдээлэлдээ мөн тодотгосон юм. Одоо хууль сахиулах байгууллага болон Улсын комисс хамтран гэмт хэрэгтнүүдийг тодорхойлох ажлыг хэрэгжүүлж буй аж.


Казахстан улсын шинэ Засгийн газар эдийн засгийн хэвийн байдлыг хангах, үнийн өсөлтөд хориг тавих арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Цаашдаа Казахстан улсын төр энэхүү үйл явдлаас сургамж авч эдийн засаг, улс төрийн шинэчлэл хийх зорилт тавьж байгаа аж.


“Хүнд хэцүү цаг үед Монгол Улсын төр, засгаас холбогдож сайн сайхан цаг ирнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, сэтгэлийн дэм өгч байсан. Бид найрсаг харилцаатай хөрш орнууд хийгээд ижилхэн нүүдэлчин соёлтой ард түмэн. Монголын нийт ард түмэнд ЭСЯ-ны ажилтнууд болон өөрийн зүгээс талархал илэрхийлж байна” хэмээн Элчин сайд Ж.Адилбаев мэдээллийнхээ төгсгөлд тэмдэглэв. 


Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд, энэ хүрээнд олон ажил төлөвлөж байгаагаа дурдав. 


Ташрамд дурдахад, энэ сарын 2-ноос Казахстан улсад хийн түлшний үнэ хоёр дахин нэмэгдсэнтэй холбогдуулан Жанаозен хотод эсэргүүцлийн тайван жагсаал өрнөсөн. Эрх баригчид жагсагчдын шаардлагыг хүлээн авч, Загсийн газрыг энэ сарын 5-нд огцруулж, зургаан сарын хугацаанд шингэрүүлсэн хий болон бензиний үнэд төрийн зохицуулалт хийхийг үүрэг болгосон байна. Гэсэн ч бусад хотуудад эсэргүүцлийн жагсаал ширүүсэж, улмаар зэвсэгт этгээдүүд хууль сахиулагчид руу халдах болсон юм.

Холбоотой мэдээ