Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-01-18 20:01:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/ УОК-ын  Шуурхай ажлын баг цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонслоо.


Цахим хурлын эхэнд ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан, "Коронавирусний омикрон хувилбарын тархалт нь эрчимтэй байгаа. Нийслэлийн эмнэлгүүдэд 7548 өвчтөн эмчлүүлж байгаа бөгөөд 90 гаруй хувь нь уушгины хатгалгаатай хавсарсан байна. Омикрон хувилбар дельта хувилбартай харьцуулахад  нэн хүнд өвчтөний эзлэх хувь харьцангуй бага буюу 0.7 хувийг эзэлж байгаа хэдий ч суурь өвчтэй хүмүүс, ахмад настнууд, хүүхэд багачууд хүндрэх магадлалтай" хэмээн онцоллоо. 


Коронавирусний вакцины III тунд зорилтот бүлгийн 49.4 хувь буюу  968 478 хүн хамрагдсан бол  нэмэлт IV тунд 36400 гаруй хүн тус тус хамрагджээ. ХӨСҮТ-өөс омикроны халдварын тархалтыг хумихын тулд ЕБС, цэцэрлэгийн танхимын хичээл эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах, эсхүл цахимаар хичээллүүлэх санал гаргалаа. Мөн Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, цахимаар золгох уриалгыг хэвлэл мэдээлэл, олон нийтийн бүх сувгаар иргэдэд идэвхтэй түгээх, Ажлын байрны нягтралыг бууруулах, нийтийг хамарсан үйл ажиллагааг цуцлах саналыг ажлын багт танилцууллаа.

 

Шадар сайд С.Амарсайхан Шуурхай ажлын хэсгийн гишүүдэд хандан, "Өнөөдрийн байдлаар 7000 гаруй ор улсын хэмжээнд дэлгэсэн нь дельта хувилбарын өвчлөлийн үед дэлгэсэн орны статистик тоон үзүүлэлттэй харьцуулахад бага тоо юм. Тиймээс өвчтөнийг хэвтэн эмчлүүлэхдээ иргэдийг чирэгдүүлэлгүй, эрэмбэллийг оновчтой зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах нь зүйтэй. Мөн эрүүл мэндийн салбарын ажил хариуцсан албан тушаалтнууд өөрсдөө өрхийн эмнэлэг, бусад эмнэлгүүдэд очиж газар дээр нь очиж ажиллах хэрэгтэй" гэв. 


Цахим хурлын төгсгөлд Шадар сайд дараах үүргийг хэрэгжүүлэн ажиллахыг Шуурхайн ажлын багийн гишүүдэд даалгалаа. 

-Омикрон хувилбараас урьдчилсан сэргийлэх арга зам, халдвар хамгааллын дэглэм, эмчилгээний талаарх мэргэжлийн эмч нарын зөвлөгөө зөвлөмж, иргэдийн асуусан асуултад хариулах тусгай контентыг өдөрт 3-аас доошгүй удаа тогтмол цагт хэвлэл мэдээллийг хэрэгслээр олон нийтэд түгээх 

- Төрийн байгууллагууд 5 хүртэлх настай хүүхэдтэй албан хаагч нарыг, мөн бусад албан хаагчдыг цахимаар болон танхимаар ажиллуулах тусгай хуваарийг батлан гаргаж мөрдүүлэх 

- Иргэдээс ирж буй эмийн багцтай холбоотой гомдол саналыг барагдуулах, эмийн багцад олгогдож буй эмийн бүтээгдэхүүнийг стандартад нийцэж буй эсэхэд анхаарч ажиллах

- Амбулаторийн үйлчилгээний цагийг уртасган иргэдэд төвөг чирэгдэлгүй үйлчлэх ажлыг зохион байгуулах 

- Эм тариа, бусад бүтээгдэхүүний нөөцийн судалгааг гаргаж, тасалдуулахгүй байх, татан авах ажлыг Эм, эмийн хэрэгслийг хянан зохицуулах газар хариуцан хэрэгжүүлэх 

- Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, айл өрхөөр орж халдвар тараахгүй байх тухай уриалга, сэрэмжлүүлгийг олон нийтэд түгээж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Холбоотой мэдээ