Цар тахлыг даван туулахад хүний нөөцийн менежментийг хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцлаа

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-19 15:13:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Компаниуд цар тахлын эрсдэлийг даван туулах туршлага, хүний нөөцийн оновчтой менежмент" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг МҮХАҮТ-аас зохион байгуулав. Уулзалтад танхим болон цахимаар 130 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.


Уулзалтыг МҮХАҮТ-ын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Долгормаа нээж хэлэхдээ, “Байгууллагууд дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний нөлөөллийг удирдах олон сорилттой нүүр тулж байна. Энд хүний нөөцийн удирдлагын чиглэлээр ажилтнуудын эрүүл мэнд, бизнесийн тогтвортой байдлыг нэн тэргүүнд ханган ажиллаж ирсэн”-ийг тодотгов. Тэрээр, байгууллагын байршил, үйл ажиллагаа явуулж буй салбарын онцлогоос хамаарч харилцан адилгүй нөхцөл байдал үүсэж байгаа ч богино хугацаанд менежментийн зөв бодлого, ухаалаг алхмыг хэрэгжүүлсээр байна гэв




Жишээ нь, “АПУ” ХК нийт ажилтандаа дархлаа дэмжих багц, эмийн бүтээгдэхүүн олгож, ковидын үеийн үйл ажиллагааны дүрмийг боловсруулж, нөхцөл байдалд дасан зохицож ажиллах, орон тоог цомхотгохгүй байх бодлогыг баримтлан цар тахлын үед ажилчдыг гэрээс ажиллуулж, ажилчдын автобусыг нэвтрүүлжээ.




Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төвийн Судалгаа, хөгжлийн багш Ц.Жавзандулам хэлэхдээ, “Бид шинэ хэвийн байдалд дасан зохицож, технологийн шийдэл, дижитал шилжилтийг амжилттай нэвтрүүлж байна гэдгийг тодотгосон бол “И-март” сүлжээ ажилтнуудаа 7 хоног бүр ковидын түргэвчилсэн шинжилгээнд хамруулж ирснээс гадна ээлж хооронд уулзуулахгүй, нягтралыг бууруулан ажиллуулжээ. Мөн түрээсийн талбайг хөнгөлж, цахим худалдааны системийг хөгжүүлжээ.



ХААН банк 2015 оноос цахим системийг хөгжүүлж өнгөрсөн онд дижитал банк буюу бүрэн цахимжсан банк болж чаджээ. Ажилтнуудыг зайнаас ажиллахаар зохицуулж, цахим сургалтын платформыг хөгжүүлж 156 сургалт явуулжээ. Бизнесийн байгууллагууд цар тахлын үед хүний нөөцийн ямар менежмент хэрэгжүүлсэн талаарх мэдээллээ харилцан солилцож, туршлагаа ийнхүү хуваалцав.



Холбоотой мэдээ